2020-2021 оны хичээлийн жид хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй байхаар шийдвэрлэсэн.

Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "Цэцэрлэгийн цахим бүртгэлийг 2017 оноос эхлэн гурван жил дараалан амжилттай зохион байгуулсан. Энэ хичээлийн жилд хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй, гэрийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн цахим элсэлтийг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Цахим элсэлт нь хоёр настай хүүхдүүдийн эцэг эхэд төөрөгдөл үүсгэж болзошгүй" хэмээн мэдээлсэн. Харин сургуульд орохын өмнөх нас буюу 5 настай хүүхдийг 100 хувь, 3-4 настай хүүхдүүдийг цэцэрлэгийн багтаамжид тааруулсан цэцэрлэгт элсүүлнэ. Цэцэрлэгт элсээгүй хүүхдүүдэд гэрийн нөхцөлд теле хичээл орох аж.

Иймд цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 17-ноос цахимаар биш уламжлалтаар харъяа цэцэрлэгүүдэд зохион байгуулна. 

Тодруулбал,

- Цэцэрлэгт шинээр элсэх 3-5 насны хүүхдүүдийн бүртгэл, элсэлт 2020 оны 08 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд

- Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагаа 2020 оны 08 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд тус тус харьяа цэцэрлэгт ажлын цагаар зохион байгуулагдана.