Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн XIV хороо буюу Өлзийт хорооллын нутаг дэвсгэрт 240 хүүхдийн 165-р цэцэрлэгийн барилга угсралтын ажил явагдаж байгаа билээ.

Тэгвэл энэ барилга ашиглалтад орохоосоо өмнө нурсан хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр  мэдээлсэн.

Энэ талаар Барилгын хөгжлийн төвөөс асууж тодруулахад "Цэцэрлэгийн барилга угсралтын ажил дээр хяналт тавьж ажиллаж байгаа. Бетон цутгалтын ажлын үед технологийн алдаа гарган 2 дугаар давхрын багананд  нягтруулалт муу хийсний улмаас ажлын зааг гаргаж цутгасан. Үүнийг хөндлөнгийн байгууллагаар тусгай багаж тавьж шалгуулахад зориулан вакум орчин үүсгэн нимгэн гялгар хальсаар битүүмжилсэн байсан. Вакум битүүмжлэлийг багажаар шалгах зорилгоор тавьсан бөгөөд баганыг гялгар уутаар тогтоосон. Цэцэрлэгийн барилга ашиглалтад орохоосоо өмнө нурсан гэсэн мэдээлэл ташаа" гэв. 

Мөн I давхрын ханын материалыг зураг төслөөс өөрчлөн нимгэн блокоор өрсөн нь шаардлага хангахгүй хэмээн үзэж ханын өрлөгийг буулгах шаардлагыг гүйцэтгэгч компанид удаа дараа тавьсан аж.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилга угсралтын ажлыг зогсоосон учраас барилгын ханыг буулгах ажил өдийг хүртэл хийгдээгүй байна.

Барилгын хөгжлийн төв нь ерөнхий захиалагч БСШУСЯ-ыг байнгын мэдээллээр хангахаас гадна хөндлөнгийн байгууллагын дүгнэлт дээр үндэслэн зураг төсөл зохиогчтой зөвшилцөж хүчитгэлийн зураг гаргаж баганыг хүчитгэн барилга угсралтын ажлыг цааш үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн ажээ.