БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тушаал гаргаж, цэцэрлэг, бага ангийн хүүхдүүдийн дунд янз бүрийн тэмцээн, олимпиад зохион байгуулахыг хоригложээ.

Энэ талаараа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг  "Сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах тухай тушаал гаргасан. 

Тус тушаалд аймаг, нийслэлийн боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт бага ангийн хүүхдийг эрэмбэлэж, ялгаа үүсгэсэн, суралцах хүсэл эрмэлзлийг бууруулсан, сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан янз бүрийн уралдаан тэмцээн, олимпиад зохион байгуулахгүй байхыг чиглэл болгосон. 

Яагаад вэ гэхээр, бага ангийн хүүхдүүдийг уралдаан тэмцээнд өрсөлдүүлдэг жишиг өндөр хөгжилтэй орнуудад байдаггүй. Энэ нь хүүхдийг стресстүүлж, ялгавар үүсгэдэг. Янз бүрийн одон медаль зүүлгэж, хүүхдүүдийг хооронд нь өрсөлдүүлэг байна. Зарим хүүхэд амжилтгүй оролцож, сэтгэлээр унаж, өөртөө итгэх итгэл нь буурдаг. Тиймээс үүнийг зохион байгуулахыг хориглож байна. 

Гэхдээ цэцэрлэг, бага ангийн хүүхдийн авьяас чадварыг нээж, хөгжүүлэх, ахмад үе, уламжлалаа хүндэтгэх, байгаль орчиноо хамгаалах, хүнлэг тусч чанар, харилцааны соёлтой болгох, бие бялдрыг нь хөгжүүлэх чиглэлээр багийн уралдаан тэмцээн зохион байгуулахыг дэмжиж байна" хэмээн мэдэгдлээ.

Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар багш нарын илүү цагийн хөлсийг бүтнээр олгохоор шийдвэрлэж, өнгөрсөн нэгдүгээр сараас хойшхи мөнгийг нөхөн олгохоор боллоо. Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.