БНАСАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан цэргийн парад ням гарагт тус улсын нийслэл Пхеньянд болсон ба түүнд Солонгосын ардын армийн 10 мянга орчим цэргийн албан хаагч оролцсон байна гэж Өмнөд Солонгосын ЁНХАП агентлаг мэдээлэв.
 
Японы Kyodo агентлагийн мэдээлснээр, парадын үеэр их буу, танк зэрэг цэргийн янз бүрийн техникийг үзүүлсэн хэдий ч тив алгасагч пуужингууд хийгээд ойрын болон дунд зайн тусгалтай баллистик пуужингуудыг явуулаагүй ажээ. Энэ нь БНАСАУ-ын эрх баригчид АНУ-тай харилцаагаа хурцатгахыг хүсэхгүй байгаатай холбоотой юм гэж шинжээчид үзэж байна.
 
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун цэргийн парадыг нээж үг хэлээгүй бөгөөд түүний оронд тус улсын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам үг хэлсэн аж. Пхеньян хотод цөмийн зэвсэг болон пуужин бүтээх нь БНАСАУ-ын хувьд чухал болохыг тэмдэглэсэн зурагт хуудсууд харагдаагүй гэж Kyodo агентлагийн мэдээнд тэмдэглэжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг