Шатахуун түгээх станцууд шатахууны үнээ тодорхой хэмжээгээр нэмээд байна. Үүнтэй холбоотойгоор Ашигт малтмал, газрын тосны газраас өнөөдөр шатахууны үнийн өсөлтийн шалтгаан болон авч буй арга хэмжээний талаар танилцуулах мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Холбогдох яам, аж ахуйн нэгжүүдээс бүрдсэн УУХҮ-ийн сайдаар ахлуулсан Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг зохицуулах зөвлөл гэж байдаг. Тус зөвлөл энэ оны 6 дугаар сарын 7-ны өдөр хуралдаж зөвлөмж гаргасан. Тус зөвлөмжид "Роснефт"-ийн шатахууны үнэ нэмэгдсэнийг харгалзан онцгой албан татварын хуульд заасны дагуу автобензин, дизель түлшний онцгой албан татварын хувь хэмжээг шинэчилэн тогтоох тогтоолын төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулна гэж заасан байгаа.

Үүний дагуу УУХҮ-ийн яамнаас дизель түлш, 95, 98 автобензины онцгой албан татвар дээр зохицуулалт хийх саналыг Сангийн яаманд хүргүүлсэн байгаа. Засгийн газрын хуралдаанд 2 ч удаа саналаа тавьж ажилласан.

Шатахууны чанар, нөөцийг холбогдох яам хариуцдаг. Үнийн зөвлөл бол шаардлагатай зөвлөмжийг гаргаж Засгийн газарт саналаа тавьдаг байгаа. Манай улс 100 хувь импортоор шатахуун авдаг. Бид Газрын тосны боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орох хүртэлх хугацаанд шатахууны үнийг тогтвортой байлгах тал дээр хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хамгийн ойрын жишээ нь өнгөрсөн 7 дугаар сард мөн шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой асуудал гарахад шатахуун импортлогч томоохон газрууд руу албан мэдэгдэл хүргүүлсэн. 

Уг мэдэгдэлд Гадаад зах зээлийн үнэ болон ам.долларын ханш өсөхөд шатахууны үнэ өсч байгаа бол мөн гадаад зах зээлийн үнэ буухад тухайн бүтээгдэхүүний үнийг буулгаж байхыг албан ёсоор мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ААН-үүд албан тоотоор хариу ирүүлсэн. Үүнд, гадаад зах зээлийн үнэ буурахад жижиглэнгийн үнийг буулгана гэдгээ мэдэгдээд байгаа. 

Бас нэг зүйлийг шууд хэлэхэд төрийн зүгээс шатахуун импортлогч компаниудын толгойг илээд байдаг зүйл огт байхгүй. Бид холбогдох хууль, журмын дагуу шатахууны үнийн өсөлтийг тогтвортой байлгах, гадаад зах зээлээс шалтгаалж буй хүчин зүйлсийг аль болох бууруулах хэмжээнд зохицуулалт хийж ажилладаг.

АНУ, Ираны хориг арга хэмжээ дэлхийн газрын тосны олборлолт буурахад нөлөөлж байна. Энэ оны төгсгөлд юмуу 2019 он гаргаад шатахууны үнэ тодорхой хэмжээнд буурах үзүүлэлт гарна гэсэн таамаг байгаа" гэдгийг хэллээ.

Дашрамд дурдахад, энэ оны 1 дүгээр сард Засгийн газрын тогтоолоор А-92 автобензины онцгой албан татварыг тэглэсэн байна.

Шатахууны үнийн өсөлттэй холбоотой АМГТГ-аас хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.