УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хуралдаж, мэдээлэл хийлээ.

АН-ын зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй гэсэн саналд хүрч, чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.

Тэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн мэдээлэл иргэдэд хангалттай хүргээгүй мөн хулгай луйврын гэмт хэрэгт холбогдсон ёс зүйгүй эрх баригчдаар энэхүү өөрчлөлтийг батлуулах ёсгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

Мэдээлэлгүй иргэдээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар санал авах нь хүчээр санал өгүүлж байгаатай утга дүйнэ. Эцэг хуульдаа бид ингэж хариуцлагагүй хандаж болохгүй. Тийм учраас АН-ын зөвлөл хуралдаад УИХ болон Байнгын хорооны хурлыг хойшлуулах тал дээр санал нэгдсэн. Хамгийн эхлээд иргэдээ мэдээлэлжүүлэх ёстой. Энэ шалтгаанаар бид чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна. Бидний хүсэлтийг хүлээн авах эсэхийг үнэмлэхүй олонх, эрх баригчдын ухаан мэднэ. Магадгүй олонхоороо баталж болно. Гэхдээ гарах үр дагаврыг нь Монголын ард түмэн үүрнэ гэдгийг эрх баригчид мартаж болохгүй. Өнөөдрийн орж ирж буй өөрчлөлтөд хяналт, хариуцлагыг гажуудуулсан хэд хэдэн заалт бий.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Үндсэн хуулийг агуулгын хувьд гэхээсээ илүү хэлбэрийн хувьд сурталчилгаанд зориулсан маягаар өөрчлөлт хийх гээд байна. Авлигачин, ЖДҮ-чин гээд үнэмлэхүй олонхоороо ёс зүйгүй хүмүүс байна шүү дээ. Иргэдийн хүссэн санал тусгасан зүйл ч алга. Хоёрдугаар хэлэлцүүлгийг хичээж хийж магадгүй. Гэхдээ хүчээр өөрчлөлт хийвэл АН-ын Үндсэн хууль л болно.

Бичлэг үзэх: