АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга О.Магнай хоёр хоногийн өмнө мэдээлэл хийсэн билээ. 

Тэрбээр “Монгол Улсад аялахаар хүсэлтээ гаргаад байсан жуулчдын 20 орчим хувь нь ЭМЯ-аас зарласан тэмбүү өвчний талаарх мэдэгдлээс болж, хүсэлтээ цуцалсан байна. Нэг жуулчин дунджаар 1000 ам.доллар манай улсад зарцуулдаг гэж тооцвол 40 сая ам.доллар энэ мэдэгдлээс болж цуцлагдлаа” хэмээн мэдээлэл хийсэн юм.

Аялал жуулчлалын салбарынхан уг мэдээллийг тоо баримтгүй хэмээн таагүйхэн хүлээж авсан. 

Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэд дарга Ц.Энхтүвшингээс тодрууллаа.

Тэрбээр "Монголд биеэ үнэлсэн болон авсан хэн хэнийг нь шийтгэдэг хуулийн орчинтой тул секс туризм гэж байхгүй. Түрүү жилийн зургаадугаар сард 60492 жуулчин ирсэн. Эхний 5 сарын байдалтай харьцуулбал энэ жилийн зургаадугаар сард 64 мянган орчим жуулчин ирэх магадлалтай. Мөн ямар нэгэн байдлаар жуулчдын тоо эрс буурсан гэж ямар нэг жуулчны компани ерөөсөө дурьдаагүй. Харин тарваган тахал гарсан нь 5,6 дугаар сард ирэх жуулчдын тоонд бага зэрэг нөлөөлсөн. Өчигдөр гэхэд Инчеон Улаанбаатарын МИАТ компанийн ОМ-302 чиглэлийн онгоцонд Солонгосын жуулчдад тасалбар олдохгүй байгаа сурагтай. Тиймээс тэмбүүгийн мэдэгдлээс болж жуулчдын тоо буурсан гэсэн мэдээлэл худлаа." гэв.