Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэд дарга Ц.Энхтүвшин дээл өмсч ирсэн тэмээчин Б.Буяндалайг гадуурхлаа хэмээн нийгмийн сүлжээнд ярианы сэдэв болоод байгаа билээ. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.

"Бидний очсон цэнгүүн 18 цагт эхэлсэн. Дээлтэй ах буюу Б.Буяндалай анхны шахуу сугалааны азтан болсон. 2 орчим цагийн дараа буюу 22 цаг дөхөж байхад ах нэлээн бүжиглэсэн. Дээлтэй бүжиглэсэн хэн нэг нь маргааш нь бие биедээ хэлдэг шүү дээ. Намайг болиулахгүй, суулгахгүй яасан юм бэ гэж. Бас бүжиглэж байгаад бүсгүйчүүлийн хөл гар гишгэчих вий гээд санаа зовоод ахад туслах санаатай хэлсэн. Гэхдээ шууд та халамцсан байна гэлтэй биш дээлтэй бүжиглэх эвгүй, зохимжгүй шүү дээ, таныг ширээнд чинь суулгаад өгье гээд сугадаад хэд алхсан. Харсан бүсгүйчүүд мэдэж байгаа. Ийм л юм. Түүнээс түүнийг дээл өмслөө гэж доромжилсон юм байхгүй. Хоёр эр хүний хооронд болсон энгийн л яриа. Ажлын бус цаг, хувийн фасе хаяг шүү дээ. 

Гэтэл дээлтэй ахыг хөөчихлөө гэж хөөрөгдөхгүй юу. Би дээлний тухай зөндөө л ярьж бичдэг байлаа. Монгол дээлийг дан ганц хувцас бус соёл гэж боддог. Манай байгууллага жил бүр "Дээлтэй Монгол" арга хэмжээ зохион байгуулдаг ирэх жил олон иргэд оролцох байлгүй. Өнгөрсөн жил Өвөр Монголын Ордосоос 20 орчим, Дээд Монголоороос буюу Хөх нуур мужаас 30 дээд монголчууд ирсэн. Над руу олон хүн зурвас бичсэн монгол дээл хувцастаа хайртай бүх хүнд баярлалаа. Зарим хүмүүс олон хүн дайрч давшлаад хэцүү байна уу гэж байсан. Аливаа юмыг сурталчилахад эерэг ба сөрөг баатар гэж байдаг. Энэ удаа би сөрөг баатар нь боллоо. Эцсийн дүндээ дээлний сайхан сурталчилгаа болсон юм биш үү. Дээлтэй ахын тухайд би утсаар холбогдож уучлалт гуйсан, уулзах гэсэн боловч нутаг буцсан байна лээ. Мөн хотод ирэхээр нь уулзахаар болсон. Өнөөдөр дахин холбогдоход Баяндалай сум дээрээ очсон гэж байсан"