БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах оронд эх хэлээрээ хүүхдүүдээ сургахын төлөө тэмцэл хөдөлгөөн өрнүүлээд буй. Энэ асуудал дээр экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлжээ.

"Өвөрмонголчуудын Монгол хэл, бичгийнхээ төлөө хийж байгаа тэмцлийг би чин сэтгэлээсээ дэмжиж байгаа. Монгол хүн болж төрсөн дэлхийн өнцөг булан бүрт аж төрж буй бүх монголчууд энэ хүсэл эрмэлзлэлийг дэмжих ёстой гэж бодож байна. Монгол хэл, бичиггүй бол Монгол хүн гэж байхгүй. Монгол хэлгүй бол толгойгоо тасдуулсантай л адил. Монгол бичиггүй бол гараар яах юм. Хичээл эхлэхэд хүүхдүүддээ монгол хэлээрээ хичээллэдэг, бичдэг байхын төлөө тэмцэж буй өвөрмонгол багш, эцэг эхчүүд, багш, оюутнуудын хэлж ярьж байгаатай би санал нэг байгаа. 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин бусдын хэл, соёл, шашийн шүтлэгт маш хүндэтгэлтэй ханддаг гэж би ойлгодог. Ялангуяа монгол хэл, бичиг соёлд хүндэтгэлтэй ханддаг гэж би ойлгосон. Магадгүй тэнд байгаа илүү их хятад хүн болох гэсэн хэсэг бодлого д яваад байх шиг байна. Энэ талаар би өмнө нь ч дуугарч байсан. Монгол уламжлал, удам, соёлоо хамгаалж Монгол хүн бүр дуугарч, дэмжих ёстой гэж бодож байна. 

Үнэхээр их гүрэн болох гэж байгаа бол бусдын хэл соёл ялангуяа дотроо байгаа улс үндэстнийхээ хэл соёлд хүндэтгэлтэй хандах нь өмнөд хөршийн бодлого гэж ойлгодог. Бид ч цас цаашид монгол бичгээ хэрэглээндээ нэвтрүүлээд явах ёстой.

Би өвөрмонголчуудын монгол бичгээ түүхийн нугачаанд хадгалж ирснийг нь бишрэн хүндэлдэг. Гэтэл манайхан өөрсдөө оросоос илүү орос, хятадаас илүү хятад болох гэж байгаа юм уу гэлтэй ШХАБ-д элсэнэ гэцгээж байна. Нэгдвэл албан ёсны бичиг нь орос, хятад байна гээд заачихсан байгаа шүү дээ. Өвөрмонголд өнөөдөр болж буй үйл явдал маргааш Монголд ч тохиолдох аюултай байна. Тийм учраас энэ зүйл дээр хэлж ярина гэдэг монгол хүн бүрийн дуугарах ёстой асуудал юм" гэжээ