“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажиллагаатай холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпораци"-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нарыг өнөөдөр Эрүүгийн цагдаагийн албаныхан баривчлан мэдүүлэг авсан билээ.

Энэ асуудалд нэр холбогдоод буй хүмүүсийн нэг бол Ц.Элбэгдорж. Тэрбээр уг асуудалтай холбогдуулан твиттер хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр, "Хувийн хэвшил бол Монголын 70 хувь. Тэнд ажиллаж байгаа хүмүүс ч Монголын ард түмэн. Нээлттэй сонсгол хийж, аль аль талыг нь сонсох хэрэгтэй. 2 жилийн өмнөх миний байр суурь хэвээрээ, сүржигнэхээ л байчих. Эрдэнэт үйлдвэр-Монголын өмч. Шахаа багассан, татвар, цалин өссөн, хяналт сайжирсан" гэж жиргэв.

 


Хоёр жилийн өмнө Монгол улсын ерөнхийлөгч байхдаа Ц.Элбэгдорж Эрдэнэтийн асуудлаар юу гэж ярьж байв?


Эрдэнэт үйлдвэр олон улсын стандартад нийцсэн удирдлагатай болох ёстой. Хэний, хаанахын өмч байна гэдэг гол нь биш. Удирдлага нь ямар зарчим барьж ажиллаж байна гэдэг л гол байдаг. Эрдэнэт үйлдвэрийн бүх орлого, зарлага, худалдан авалт шилэн болох ёстой. Үе үе аудит, хөндлөнгийн байгууллага орж шалгадаг байх ёстой. Одоо ямар нэг байдлаар 6100 хүн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. 

Түүний цаана нэг гэр бүлийн 4-5 хүн байна. Ах дүүгээр нь авч үзвэл эрдэнэтчүүдийн бараг гуравны нэгийн хувь заяа шууд  Эрдэнэт үйлдвэртэй холбоотой. Хүний гаргаж байгаа шийдвэрт ямар сайн зүйл байна гэдгийг эхэлж хардаг зан суртахуунтай байх ёстой. Нийгмийн сайн сайхныг дэмжиж, хамтарч ажилладаг чиглэл рүү цаашид явах байх. Эрдэнэтийн 51:49 хувийн асуудал гарч байхад би хэлж байсан.

Энэ үйлдвэртэй холбогдож гарч байгаа асуудлууд нэгд, Монгол Улсын хууль тогтоомж, эрх ашигтай нийцэж шийдэгдэх ёстой. Хоёрт, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтэд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн эрх ашигтай нийцэж шийдэгдэх ёстой гэж хэлж байсан. Харамсалтай нь энэ улстөрчдийн ээлжит тоглолтоо хийдэг талбар болж хувирсан. Үүнээс хожиж байгаа зүйл байхгүй. Хуулийн асуудал байвал хууль, хяналтын байгууллагаар шийдүүлэх хэрэгтэй. УИХ-ын түвшинд шийдэх шаардлагагүй. Мөнгө төгрөгийн эргэлзээ байгаа бол худалдаж авсан юм уу, оролцсон аж ахуйн нэгж л хариуцлага хүлээнэ. Төр авлаа гээд, төр хариуцлага хүлээж байгаа нэртэй хариуцлагагүй байдлыг өөхшүүлдэг. 

Энд хоёр нүд зэрэг нээлттэй байсан бол эрдэнэтчүүдэд хэрэгтэй байсан байх гэж боддог. Шахаа, хүний оролцоотой зүйлүүд шахагдах тийшээ явж байснаа сая эргээд төрийн мэдэлд ирлээ гэхэд эргээд цуглаж байгаа сурагтай байгаа юм. Тэр харамсалтай. 51:49 гэдэг асуудлаа монголчууд ярьж байгаад нэг тийш зөв шийдэж чадах байх гэж би хувьдаа бодож байгаа.Төрд гуравны нэг нь, хувьд гуравны нэг нь, ард иргэдэд нээлттэй хувьцаагаар гуравны нэгийг гаргах замаар, хяналттайгаар Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг шийдвэл яасан юм бэ гэдэг саналаа ч би өмнө нь хэлж байсан. Ингэж явах боломж бий гэж би хувьдаа боддог. Энэ үйлдвэрийн цаашдын хувь заяаны талаар талаар зөвхөн төр биш, хувийн хэвшлийнхэн санаа зовдог, хамтарч хөрөнгө оруулдаг, хамтарч шинээр бизнес бий болдог, хамтарч хөрөнгө оруулалт нь иргэдэд ашигтай байдлаар шийдэгдэх юм бол зөв байсан байх. Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан удирдлагууд сэтгэлээ өгч сайн ажиллаж байсан гэж би боддог. Эмчилгээ, оношлогооны төв байгуулсныг зөв гэж боддог. Энэ бол Орхон аймагт үлдсэн их сайн хөрөнгө оруулалт гэж боддог. Анхдагчдаа хүндэтгэх, хамтарч ажиллах талаар Эрдэнэт их сайн ажилласан. Эрдэнэтийн өргөтгөлийг сайшааж, би нээлтэд нь ирж ажиллаж байсан.