Япон Улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 266 монгол иргэнийг тусгай үүргийн онгоцоор өнөөдөр авчирлаа. Улаанбаатарт 16.00 цагт газардсан тус онгоцны зорчигчдод Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Японы мэргэжлийн сумо бөхийн их аварга, асашёрюү Д.Дагвадорж нар багтжээ.

Өнөөдөр ирсэн хүмүүсийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Тоёоко Инн, Корпорэйт зочид буудал болон ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд 21 хоног тусгаарлах юм.

Асашёрюү Д.Дагвадоржийг "Онгоцноос буугаад алба хаагчдын үгэнд орохгүй, ХӨСҮТ-д хэвтэхгүй гэх зэргээр төвөг удлаа" гэсэн мэдээлэл цахимд цацагдсан. 

Тэрээр энэ талаар "Би карантинаа барина. Харин нэг асуудал байна. ХӨСҮТ-ийг ч голсон зүйл байхгүй. Улаан бурхны үед аппарат болон агаар шүүгч тусламж өгч байсан. Би хэвтрээ голох хүн биш.

Асуудал юундаа байсан бэ гэвэл, Японд байсан бид Токиогийн өнөөдрийн нислэгт бусад улсаас амжиж ирсэн 57 хүнтэй цуг баймааргүй байна гэж хэлсэн. Дэлхий тэр чигээрээ хэцүү байгаа энэ үед ийм өндөр эрсдэл үүрүүлхийг гэр бүлдээ хүсэхгүй, хэн ч хүсэхгүй.
Асуудал энэ. Бусдыгаа муухай харагдуулж магад, үнэн бодит зүйл нь энэ. Ойлгоно биз" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.