УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй. Тэрээр энэ сарын 31-нээс өмнө Арбитрын шүүхэд “Рио Тинто” компанийн эсрэг сөрөг нэхэмжлэлийг гаргаж өгөх хүртэл өлсгөлөн зарлана гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл түүний өлсгөлөн зарлаж буй жагсаал нь хууль зөрчиж байгааг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.

Тодруулбал, уг үйл ажиллагаатай холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас энэхүү үйл ажиллагааг зогсоох тухай албан мэдэгдлийг хүргүүлжээ.

"УИХ-ын гишүүний гаргаж буй тус үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах, мөн түүнчлэн дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн засаг даргаас гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/25 дугаартай захирамжийг зөрчиж байна" гэж ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээллээ.