Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Улаанбаатар хот 780 орчим км урт засмал замтай, бүртгэлтэй 600 мянга гаруй машинтай. Нэг машины эзлэх уртыг дунджаар 5 метр гэж тооцоход нийт шаардлагатай эгнээний урт 3020 км байна. Нийслэлийн замын сүлжээний ерөнхий урт 779.2 км бөгөөд үүнийг эгнээгээр тооцвол 2154 км юм. Улаанбаатарт машинууд нь багтахгүй болсон нь үүнээс тодорхой харагдаж байна.  Зөрүү нь 866 км буюу 173200 автомашин илүү байна. Энэ бол бодит нөхцөл байдал. 

Улаанбаатарт замын түгжрэл үүссэн үед иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, гал түймэр, гэмт хэргийн дуудлагад явахад шууд гацаа үүсэж, үйлчилгээ тусламж үзүүлэх ямар ч боломжгүй болж байна. Энэ бол аюул.

Энэ жил Улаанбаатарт автомашины дугаарын зургаан сери задарч, 55.900 тээврийн хэрэгсэл шинээр хөдөлгөөнд оролцсон. Дугаарын хязгаарлалтын дагуу өдөрт 110 мянган машин зогсоогоод байхад түгжрэл арилахгүй байна. Түгжрэлийн талаар гадаад, дотоод болон замын судалгаа хангалттай их байна. Үүнийг Засгийн газар мөрийн хөтөлбөртөө оруулсан байсан. Хэтдээ ажил хэрэг болгоод явах байх.

Ойрын хугацаанд буюу энэ намар, өвөл түгжрэлийг хэрхэн даван туулах вэ гэдэгт цагдаагийн байгууллагаас нэг санал оруулж байна. 

Энэ нь дугаарын тэгш, сондгойгоор долоо, долоо хоногоор хөдөлгөөнд оролцвол яасан юм бэ гэж нийслэлийн иргэдээсээ асууя. 

Иргэд дэмжихгүй бол яаая гэхэв, дэс дараалсан алхмуудаа аажим аажмаар аваад явна. Гэхдээ түгжрэл дорвитой арилахгүй. Иргэд маань алтан цагаа, шатахуунаа замын түгжрэлд үрсээр л байх нь. Бодит үнэн ийм байна. 

Тиймээс иргэд маань зоригтой шийдвэр гаргаад долоо долоо хоногийн ажлын таван өдөрт тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцоод үзвэл зүгээр байна. Мэдээж хүүхдээ сургуулиас нь авах зэрэг асуудал бий. Хүүхдийг ялангуяа очиж авах ёстой. Гэхдээ нэг хүүхдийг сургуульд нь хүргэж өгөөд авах гэж өдөрт 4 удаа замын түгжрэлд орж байна. 

Эхний ээлжид авах арга хэмжээ энэ байна. Уг асуудлыг хэлэлцэж, саналаа гаргаж өгнө үү" хэмээлээ.