УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын "Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Тус хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганы хуралдаанд танилцуулах байсан ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Сайд Ч.Хүрэлбаатар танхимд орж ирээгүй байна.

Танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "УИХ-д хандаж буй Засгийн газрын хадлага сонин болчихоод байна. Хуулиараа гишүүдийн асуултад сайд хариулж байх ёстой. Одоо газрын дарга нар орж ирээд суудаг болчихсон. Олон жилийн хугацаанд бид УИХ-ынхаа гол эрх мэдлүүдийг алдаж, мөлжиж, шалдан гуятай үлдсэний шинж харагдаж, илэрч эхэлж байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэхдээ ядаж дэд сайдыг нь ирээч гэж гуйдаг юм уу. УИХ-аа хүндэтгэхээ болилоо. Үүнд анхааралтай хандахгүй бол болохгүй. Зээлийн тухай чухал хууль хэлэлцэж байхад Ч.Хүрэлбаатар өөрөө УИХ, Засгийн газрын гишүүн, сайд мөртлөө хуралдаанд орж ирэхгүй байж болохгүй.

Саяхан л сайд маань зээл авахгүйгээр төсвийн алдагдлыг санхүүжүүлнэ гэж ярьж байсан. Одоо зээл авахаар шийдчихээд өөрөө ирэхгүй байж болохгүй. Тиймээс энэ зээлийн асуудлуудыг хэлэлцэхэд сайд нар байх ёстой. 

Зээлийн асуудал сэтгэл зовоож эхэлсэн. Одоо ДНБ-ий 50 хувьд хүрчихсэн. Ирэх онд төсвийн алдагдлыг нөхсөний дараа 62 хувьд хүрнэ. 70 хувийн босго руу дөхчихлөө. Би та нарын оруулж ирж буй зээл хөнгөлөлттэй нөхцөлтэйг ойлгож байна. Дэмжиж байна. Гэхдээ үүнийгээ тайлбарладаг, гишүүдийн асуултад хариулдаг байх хэрэгтэй. Үүнд газрын дарга нар хариулах нь зохисгүй. УИХ-ын даргаа үүнийг анхаарах шаардлагатай байна" хэмээлээ.

Хариултад нь Л.Оюун-Эрдэнэ "Шүүмжлэлийг хүлээн авч байна. Бид анхаарч ажиллана. Сангийн сайдтай сая утсаар холбогдлоо. Сангийн яаманд гадны уулзалттай байж байгаад одоо наашаа гарч байна гэсэн. 10 минутын дараа ороод ирнэ" гэв.

Гишүүдийн асуултад хариулахаар Ажлын хэсгийн гишүүд болох Сангийн яамны Хөгжлийн бодлогын газрын дарга И.Батхүү, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтын газрын зөвлөх Б.Оюунтунгалаг нар иржээ.