УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Үндсэн хууль өөрчлөнө гэдэг бол хүн бүрийн анхаарлыг татсан асуудал. Яагаад гэвэл сая н.Бямбасүрэн гуайн хэлснээр төр, ард түмнийг холбох гэрээ юм. Би Үндсэн хуулийн талаарх өргөн барьсан төслийг хараад үнэхээр аргагүй юм даа гэсэн итгэл төрөхгүй байна. 

Жишээ нь нэг танхимтай байх юм уу, хоёр танхимтай байх юм уу, гишүүдийн тоо нь болоод байна уу, болохгүй байна уу гэж ярьж эхлэх ёстой юм бол уу гэж бодож байна. 

Одоо бол ард түмний яриад буй зүйлсийг оруулаад дундуур нь нэг юм шургуулчихъя гэж байх шиг байна. Юуг ингэж хэлээд байна вэ гэхээр сонгуулийн тогтолцоог сонгуулийн хуулиар тогтоодог болно гэсэн байна. Энэ нь нэг ёсондоо нам сонгодог зүйлийг шургуулаад авчихъя гэсэн үг. 

Нам сонгодог болчихвол намын нэр шидчихээд л ард нь хэдэн хүн насан туршдаа байдаг тогтолцоо бүрдэнэ. Сая нэг хонгил нураалаа гэж ярьж байна. Одоо бүр ган төмөр бетонон хонгил хийж авах гэж байна. Хэзээ ч нурдаггүй хонгилтой болох нь. 

Үндсэн хуулийн 3-т төр бол ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. Ний нуугүй хэлэхэд энэ бүгдийг л нэг тийш нь болгож авах гээд яваад байна гэж харагдаж байна. Намууд худлаа мэдэгдэл хийчихээд гараад явчихаж. Дургүй юм шиг дүр эсгэж байгаа ч цаанаа дуртай гүйлдэж байна. Намын дарга нар нь жагсаалтаар хэдэн хувь авчихна, тэгээд хялбар аргаар УИХ-д ороод ирнэ гээд бодчихсон байгаа. 

Байгалийн баялаг ард түмний өмч гэж Үндсэн хуульд заасан байсан бол одоо төрийн өмч байна гэчихсэн. Хуучин Үндсэн хуулиар төр бол хувийн хэвшил, төрийн өмчийн харилцааг зохицуулж, харилцан тэгш байдлыг хангана гэж заасан байдаг. Тэгэхээр одоо ард түмэн баялагаа хүртэж чадахгүй байгааг ашиглаад, нэг ёсондоо ядуу ард түмний дур, сонирхол дээр тоглох гэж байна. Одоо хэсэг нөхөд гарч ирээд, өргөс авсан юм шиг энэ төрийг засна гэж телевизээр баахан сайхан юм ярина. Үнэн чанартаа болохгүй байгаа зүйлс Үндсэн хуулиндаа биш, бид, бидний ёс суртахуунд байгаа юм. Өнөөдөр Үндсэн хуулийг дахиад дордуулах гэж байна. Долоо дордсон бол далд ордог юм" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.