Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон бусад албаны хүмүүс өчигдөр сайжруулсан шахмал түлшийг борлуулж буй хэд хэдэн цэгт ажиллалаа.

Хүйтний эрч нэмэгдэж буй энэ үед сайжруулсан шахмал түлшний түгээлт болон борлуулалт иргэдэд хүндрэлгүй хүрч байгаа эсэхийг шалгасан юм. Нийслэлийн гэр хороололд ойролцоогоор 220 мянган айл өрх амьдарч байна. 

Ахуйн хэрэгцээнд жилд дунджаар сая 200 мянган тонн түүхий нүрс түлдэг байсныг 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх үүрэгтэйгээр “Таван толгой түлш” ХХК үйл ажиллагаа явуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 50 мянга гаруй тонныг борлуулалтын цэгүүдэд тарааж, 10 мянга гаруй тонныг иргэдэд худалдаалаад байна.  

Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд хэдийн гал түлээд эхэлсэн. Тийм учраас газар дээр нь ажиллаж сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, шаталт болон илчлэг ямар байгаатай биечлэн танилцаж байна. Өнөөдөр дундын 50 цэгт түгээж, 500 цэгт боруулалт хийж байгаа юм. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байгаа айлуудад мөн орж үзлээ. Шаталт сайн байна. Харж байхад яг асахдаа бага зэргийн утаа ялгаруулж байна. Ассанаас хойш бол зүгээр. Агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна гэж харж байна. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл хэвийн явагдаж байна. Харин ихээр худалдан авч, орон нутаг руу зөөх явдал ажиглагдаж байгаа ч одоохондоо зөвхөн нийслэл хотын хэрэглэгчдэд зориулан гаргаж байгаа" гэдгийг онцлон хэллээ.

Мөн тэрээр сайжруулсан шахмал түлшийг хэрэглэсэн иргэд сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр хэлсэн. Утаа ялгаруулалт багасч, илчлэг сайн байна. Гагцхүү шинээр хэрэглээнд нэвтэрсэн учир олон нийтээрээ зөв хэрэглэх шаардлагатай байгааг захилаа.

Иргэдийн түлшний хэрэглээг хянах “Сайн карт”-ыг ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн үнэгүй тараана. Ингэснээр аймаг, сумд руу зөөх асуудлыг давхар хаах юм байна.



Эх сурвалж: Эрчим хүчний яам