Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар АТГ-аар шалгуулна хэмээн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж мэдэгдлээ. 

Цэцийн гишүүн Д.Сугар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг нэр хүндэд нь халдсан гэж шүүхэд гомдол гаргасан байна. Тус гомдлыг өчигдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх хэлэлцэн хэрэгсэхгүй болгожээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ “Д.Сугар намайг нэр төрд халдлаа гэж Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан юм байна билээ. Анх 2014 оноос МИАТ-ийн хэргээр ЦЕГ-аар шалгагдаж байгаад АТГ руу шилжээд, АТГ-аас Цэц, УИХ-д энэ хүний бүрэн эрхийн асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан. Гэтэл ийм хүн Үндсэн хуулийн Цэцэд суугаад байж болохгүй шүү дээ. Яагаад энэ хүн ийм олон хэрэгт холбогдон, шалгагдаж байсан хэрнээ санаа зовохгүй байгааг гайхаж байна. 

Санаа зовохгүй байна гэдэг нь энэ хүний мөн чанарыг харуулж байна. Д.Сугар шиг хүмүүс төрийн чухал албан тушаал дээр очиж байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна. Ирэх тавдугаар сард энэ хүний бүрэн эрхийн хугацаа дуусна. Бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар АТГ-т хандаж шалгуулна. Прокурор энэ хүний хэргийг хаасан юм юм билээ. Тиймээс энэ асуудлаар Ерөнхийлөгчид хандана” гэсэн юм.