УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний дэд сайд Ц.Даваасүрэн "Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хоёр хууль зөрчигдсөн асуудал Засгийн газарт шийдэгдсэн байдаг. Нэг нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асууал. УИХ-тай зөвшилцөхгүй шийдчихсэн. Дубайн гэрээ бас тийм. Дубайн хөрөнгө оруулалтын гэрээ нь УИХ-аар хэлэлцэж, батлагдсан. Гэтэл нэмэлт 4.7-6 тэрбум долларын зээлийн асуудлыг УИХ-тай зөвшилцөхгүйгээр Дубайд очоод хийчихсэн байдаг.

Гэтэл орж ирж буй тогтоолын хоёрдугаарт Хууль бус төлөвлөгөөг хуульд нийцүүлэн сайжруулна гэсэн байна. Хууль бус юмыг яаж хуульд нийцүүлэн сайжруулах юм бэ. "Хуульд нийцүүлэх" гэвэл болно.  Би Оюутолгойн асуудлыг эхнээс нь эсэргүүцсэн. Энэ байр сууриндаа байна, надад ямар ч хариуцлага ногдуулж болно. Яагаад гэвэл би Монгол Улсын эрх ашгаас урвасан хэдэн хүний гаргасан алдааг хэзээ ч зөвтгөж чадахгүй. 

"Туркойз хилл ресурс" компани Монголын баялгийг барьцаалж хөрөнгийн зах зээл дээр мөнгө босгочихоод тэр мөнгөө Монголд буцаагаад зээлчихсэн. Энэ бол луйвар. Өнөөдөр тэр зээлийг төлж буй хэмжээ нь манайд татвар төлж буй хэмжээнээс өндөр. "Оюутолгой" компани "Туркойз хилл ресурс" компанид зээл төлөөд л байж байдаг схем байна. 

Энэ асуудлыг манай Ч.Сайханбилэг гэдэг нөхөр дураараа загнаж, Дубайд очоод 4.7-6 тэрбум долларын зээл авчихсан. Тэр мөнгөнөөс хэд нь Монгол Улсад орж ирсэн бэ гэдэг өнөөдрийг хүртэл тодорхой бус. Миний бодож буйгаар гүний уурхайд хоёр тэрбум ороогүй. Үүнийг шалгах хэрэгтэй.

Өөрсдөө анхны хөрөнгө оруулалтаа шууд эндээс авчихсан учир тэдэнд алдах юм байхгүй. Ийм зүйлийг манай хэдэн нөхөр хар, саарал жагсаалтад орох юм байна гээд л, орчихсон хойно нь хариуцлагыг та нар хүлээ гэж биднийг айлгаад явах гэж байгаа юм байна. Гэхдээ цаг хугацаа үүнийг шүүж байгаа шүү. Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг шүүж байна. Энэ асуудлыг буруугаар шийдвэл дараа дараагийн олон зүйлд сөргөөр нөлөөлнө. Тиймээс гадна талаас,  Хар жагсаалтад орохоос айж шийдэж болохгүй. Дотоод хүчин зүйл, ирэх сонгуулиа бодох ёстой" гэсэн байр суурийг илэрхийллээ.