Карьер  хөгжлийн төвийн захирал Ц.Булганаас томоохон компаниудын шинэ соёлын талаар  тодрууллаа. 

-Томоохон компаниуд ажилтан авахдаа хандлагыг нь тодорхойлдог, тест авдаг болсон гэсэн. Энэ шинэ соёлын талаар  сонирхуулаач?

-Сүүлийн үед  байгууллагууд ажилтнаа сонгож авахдаа тухайн хүний дипломоос илүүтэй  харилцаа хандлага, ур чадварыг түлхүү анхаарах болсон. Байгууллагууд зарим нь дотооддоо өөрийн тест ашиглаж, шаардлагатай хүнээ таньж авах нь ч бий.  Түүнээс гадна гадны байгууллагуудтай гэрээтэй ажилладаг, хувь хүний зан төлөв, харилцаа хандлага нь ямар юм, ур чадвар нь хэр гэдгийг  шинжлэх ухааны үндэстэй тестүүдээр тодорхойлоод,  тухайн хүнийг давуу талд нь түшиглэж ажлын байр санал болгож байгаа нь анзаарагдаж байгаа. 

Хүнийг сайн чаддаг зүйл дээр нь тулгуурлаад ажилд авахаар ажлын гүйцэтгэл, бүтээмж нэмэгддэг. Ажилдаа илүү сэтгэлтэй ханддаг. 

Тийм учраас байгууллагууд хүнээ таньж авахын тулд “Ажлын байран дахь хандлага, ур чадварыг тодорхойлох тест”-ийг маш их хэрэглэдэг болсон байна. 

Олон улсад хандлага, ур чадварыг  тодорхойлдог тестүүд олон байдаг.  

Ажлын байрны сонгон шалгаруулалтад ашигладаг.   Хувь хүн өөрийн сонирхлоо таньж, дараагийн их, дээд сургуулийн ярилцлага, сургалтуудад орохдоо хүртэл  ашигладаг гэх мэтээр янз янзаар ашигладаг хувь хүний хандлага, ур чадварын тестүүд байна.

Гэхдээ хэр нотолгоо баталгаатайг анхаарах учиртай. 

Манай Карьер хөгжлийн төв шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсад хүний нөөцийн салбарт хэрэглэдэг тестийг оруулж ирсэн. 

Хувь хүн магадгүй өөрийнхөө карьерийг төлөвлөхдөө ямар чиглэлээр сурч болохоор байна, ямар ажлын байранд илүү амжилттай ажиллах гэдгээ  олж харах боломжтой. 

Хэр итгэлцүүр өндөртэй, баталгаатай нотолгоотой, тест гэдэг нь чухал. Интернэтэд үнэтэй, үнэгүй янз янзын тестүүд байна.  Манай ашигладаг Централь тест компаны тест олон улсын сэтгэл судлалын хүрээлэн,  Англи, Америкийн сэтгэл судлалын хүрээлэнд итгэлцүүр оноогоо авчихсан,  олон орны олон мянган хүнд туршигдсан учраас соёлын ялгаа гэх зүйлгүйгээр  ашигладаг л даа. 

Хувь хүн өөрийгөө таньж мэдье гэвэл сэтгэл зүйн шинжлэх ухаан хөгжиж байгаа учраас хэдхэн асуултаар хүнийг таних боломжтой болсон.

 -Тавхан үгэндээ танигдаад байна гэдэг шиг хэдхэн асуултаар хүнийг таньж болох нь ээ?

-Тийм.  

-Шинэ ажилтнаа ийм аргаар сонгож авдаг компаниуд хэр олон байна. Том компаниуд уу, жижиг компаниуд ийм зүйлсэд анхаараад байгаа юм уу?

-Томоохон компаниуд ажилтан сонгон шалгаруулж авахад анхаарч, хүч хаяж байна. Жижиг компаниудын хувьд ч ажиллаж байгаа хүнээ таниад, хөгжүүлэхэд анхаарч байна. Гэхдээ түгээмэл биш.

-Ажлын байрны зарыг харвал  бүгд л багаар ажиллах чадвартай, ачаалал даах чадвартай гэх мэтээр адилхан шаардлага тавьдаг. Гэтэл тухайн компани  болгонд шаардлагатай ур чадвар, туршлага  өөр байх?

-Энэ ажлын байранд ямар шаардлага, шалгуур тавихыгаа байгууллага болгон тодорхойлж гаргах хэрэгтэй байгаа юм. Манайд хүнийг ажилд авахдаа ерөнхий байдлаар, ур чадвар шаарддаг нь учир дутагдалтай.  Багаар ажиллах чадвартай, цагийн менежмент сайтай гэх мэтээр хандаад байгаа юм. Яаж тэр хүнийг багаар ажиллах чадвартайг нь хараад байгаа юм бэ гэдэгтээ анализ хийдэггүй.

Олон улсын тестүүд бол Булган гэдэг хүний багаар ажиллах чадвар хэдэн хувьтай байна,  цагийн менежмент нь 50 юм уу 80 хувьтай байгааг тодорхойлдог.

Ажлын байрныхаа онцлогийг мэдрэхгүйгээр түгээмэл шаардлагатай зар тавьдаг нь оновчтой бус.

-Тестээр тодорхойлохдоо хүнтэй харилцах чадвар муу гээд дүгнэж байна. Ажилд орох гэж байгаа хүмүүсийн хувьд буруу үнэлгээ гарчих вий гэсэн айдас хүйдэстэй байж мэднэ. Ярилцдаг юм уу яаж энэ бүхнийг тодорхойлдог вэ?

-Энэ нь олон улсын онлайн тест л дээ. Заримдаа 100 асуултаар  ажлын байр, аливаа зүйлд хандах  хандлага, ур чадварыг нь жагсаагаад гаргаж ирдэг.  Заримдаа арван асуултаар хүний зан чанарыг  тодорхойлно.

Дотроо  бас болоогүй тухайн хүн хэр үнэн зөв хариулсан, эсвэл  ажил олгогчид таалагдах гэж  хариулт өгч байгаа эсэхийг ч шалгаж гаргаж ирдэг. 

Би муу гарчих болов уу гэсэн айдас хүмүүст төрөх байх. Энд муу, сайн гэх зүйл огт  байхгүй.

Тухайн хүний байгаа бодит үр дүн, ур чадварыг тодорхойлж гаргаж ирдэг. 

Таны ямар чадвар сул хөгжсөн байна, үүнийгээ хөгжүүлэхийн тулд яах талаар тайлбарлаж өгдөг. Ур чадвар гэдэг хөгжих боломжтой зүйл.

-Өөрийгөө таньж мэдэх гэж оролддог хүмүүс хэр олон байдаг вэ?

-Байгаа байгаа. 

Жар хүрсэн, байгууллага удирдаж ажилладаг хүн хүртэл ирээд “Би өөрийгөө илүү сайн таньж мэдмээр байна. Надад ямар дутуу, давуу тал байна. Хүмүүстэйгээ харьцахдаа цаашдаа юун дээр анхаарах вэ” гээд ирсэн.  

Хүн хэдэн ч насандаа өөрийгөө таньж хөгжүүлэх боломж бий.

-Гол үйлчлүүлэгчид чинь ямар хүмүүс байна вэ?

-Байгууллагууд ажилтан сонгон шалгаруулж авдаг.  Эсвэл ажилтнуудаа тестлээд, цаашдаа ямар сургалт хийх, хөгжүүлэх гэх мэтээр арга хэмжээ авдаг.  Үүн дээр манай Хүний нөөц оношилгооны төв ажиллаж байна.

Нөгөө нэг хэсэг нь ахлах ангийн сурагчид  ямар ажлын байранд ажиллах вэ, ямар мэргэжил сонгох вэ гээд ханддаг.  Мөн карьераа өөрчлөхийг хүссэн хувь хүмүүс ч ханддаг. 

-Би хэн бэ гэдгээ хайж байгаа хүнд туслах боломжтой юу?

-Болно,  ямар зан чанартай, ур чадвартай, ямар салбарт амжилт гаргах вэ гэдгийг тестээр таниад зөвлөх боломжтой.