Аналитик философит хэлний асуудлыг чухалчлан авч үздэг. Аль ч үндэстний хэлний үгс нь зөвхөн ганц утга үл илтгэх мөн чанартай байдаг ба энэ байдал нь хүний бодол санааг яг бодож байгаагаар нь буулгах, сонсогч буюу хүртэн хүлээн авагчид өгүүлэгчийн санааг яг бодож, төсөөлж байгаагаар нь дамжуулах боломжгүй байдаг гэж үздэг. Энэ байдлаас болоод сонгодог философи хүнд тэр бүр үл ойлгогдох, зөвхөн оюун ухаанд тэмтрэгдэх төдий үй олон ойлголт, ухагдхуунуудад дарагдсан, тиймээс тэдгээр философийн хаягдлуудаас хүний оюун ухаан, танин мэдэхүйг цэвэрлэх хэрэгтэй гэж үзэж байжээ.      

Математикч, логикч, философич Б.Рассел «...тэмдэглэгч илэрхийллүүд болбоос янз бүрийн логик будилаан, тодорхойгүй байдал үүсэхэд хүргэж байдаг. Учир нь, тэмдэглэгч илэрхийллүүд хоёрдмол утгатай байдаг. Ийм будилааныг арилгах арга зам нь эх хэлний илэрхийллүүдийг орлодог төгс хэл зохиох ажиллагаа мөн. Тийм төгс хэл бол ерийн эрүүл ухааныг биш, харин шинжлэх ухааны хэл, эцсийн эцэст математик логикийн хэл байх ёстой...» (Гомбосүрэн.Ц. “Хэлний философи ба хэл шинжлэлийн (лингвистик) философи” УБ. 2010. х108) гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл аналитик философичид философи санааг яг таг илэрхийлэхийн тулд төгс утгат зохиомол хэл бий болгохыг хүсч байсан билээ. Математик, физик нь тухайн утгыг хоёрдмол санаагүй илтгэдэг төгс хэлтэй байгаатай адил философит ч гэсэн тийм хэл хэрэгтэй гэж үзсэн. Гэвч хожмын Витгенштейний үед энэ шийдвэрээсээ татгалзсан байдаг. 

Харин уран зохиолд үгсийг хам бүтцээс нь хамааруулан янз бүрийн утга, утгат чанар, өнгө аяс илтгүүлэхийг зорих ба үг бүр өөрийн оршихуйг олж байршин нэгэн цогц болж тухайн зорьсон утгыг төгсрүүлдэг. Тухайлбал найрагч П.Лхагвасүрэнгийн “Тэг”-ийн тухай шүлэг шиг. 

            «Эерэг, сөрөг хэмжигдэхүүнийг

            Эгүрт зааглагч их тэнцвэр

            Харанхуй гэрэл хоёрын 

            Хаан торгон зааг» 

(Лхагвасүрэн.П. “Сэтгэлийн томьёолол” УБ. 2018. х112) гэх буюу мөн                 

                                                   «Бороо аяархан дусагнахыг хязгаарын сарнилтай жишээд

Бодол оюундаа хөтлөгдөн инээмсэглэж алхлах сайхан

Хацар шүргэмэгцээ тархах усан болор дуслууд нь хө

Хаанахын хэнээс надад илгээсэн ямархан бодлогын нөхцөл вэ

Болор болор дуслуудад нормогцоо гэгээн бодолд хөтлөгдөөд

Баясалд хөөрөх мэт, уй гунигт автах мэт хором бүрийн учир юухан бэ» 

(Лхагвасүрэн.П. “Сэтгэлийн томьёолол” УБ. 2018. х113) гэж математик ухагдахууныг шүлэглэсэн нь содон агаад хүмүүний оюун санааны дээд эрэмбийн мужид төгсрөх математик бодолтын гоо сайхан, мөн л дээд эрэмбийн мэдрэхүйд тэмтрэгдэн гэгээрүүлж, илааршуулах яруу найргийн гоо сайхан хоёрын жишилт адилтгал мэт буюу.

Яруу найрагч Пүрэвийн Лхагвасүрэн Увс аймгийн Тариалан суманд мөнх цаст Хархираа уулын энгэрт төржээ. Түүнийг ард түмэн:

                        «Сүүмийх зэрэглээнд гэгээ анирлаад 

                        Сүсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоно

                        Хүүгээ ирнэ гээд сүүгээ өргөөд

                        Хүслээ чилтэл алсыг ширтээ дээ

                        Алсад суугаа ээжий минь

                       Амин хайртай шүтээн минь билээ...» 

(Лхагвасүрэн.П. “Сэтгэлийн томьёолол” УБ. 2018. х119) хэмээн дуулах “Алсад суугаа ээж” дууны шүлгээр нь илүүтэй мэдэх билээ. 1950-аад оноос эхлэн төлөвшиж 60, 70-аад онд төгс хэлбэршлээ олсон орчин цагийн дууны яруу найрагт нэгэн шинэ хөг нэмсэн нь дээрх мэт болоод “Хархираа гол”, “Нутгийн жаахан Цээмаа”, “Зүрхний лимбэчин бүсгүй”, “Эрхэмийн дээд ээж минь”, “Гэгээн хайрын эх орон”, “Арван баядын Бундмаа”.., гээд олон дууны шүлгүүд бичиж нэн шинэ үеийн дууны яруу найрагт томоохон байр эзлэх болсон нь яруу найрагч П.Лхагвасүрэн. 

Домог туульсын өлгий болсон баруун монголын их уулсын дунд төрсөн яруу найрагчид нэгэн зүйлээр ижилсдэг нь ардын аман зохиолын уламжлал буюу бичлэг туурвилийн туульслаг аяс юм. Урианхайн билэгт найрагч Х.Эрдэнэбаатар: 

«...Умрын хонгор салхин нөмгөн зэрэглээ хөндөхөд

Уяа нь таарсан хүлэг шиг уулс алсад дөмөлзөнө

Хас тэнгэрийн өлмийд халхын тал цэнхэртэж

Хадан цохионы орой дээр хан улир бөөрнө...» /Урианхайн хөх уулс/

(Эрдэнэбаатар.Х. Зүүнгарын эзэнт шүлэгс. Соёмбо принтинг. 2010. х97) гэж шүлэглэдэг бол Хотонгийн билэгт найрагч П.Лхагвасүрэн бээр: 

«Үүр бүрэнхий гүн амьсгалж нураг нүүвэй

Үндэс нэгтэн буюу миний сэтгэл гэгээрвэй

Танил юүдэнг өмссөн бөгтөр өвгөн хэрж одвой

Тахил өргөж залбирах уулын минь намар аж уу»

 (Лхагвасүрэн.П. “Сэтгэлийн томьёолол” УБ. 2018. х43) хэмээн гунигших нь тунгалаг буюу. Баруун монголын баатарлаг туульсын уламжлал бүхүй нутгийн аялгуу, түүний яруу тансаг хэлийг орчин цагийн яруу найрагт идээшүүлэн утга зохиолын хэлийг баяжуулах эрмэлзэл урианхай, хотон түмний угсаа гарвалт хөвүүдийн шүлгүүдэд үзэгднэм. Мөн зүгийн яруу найрагч Төрийн Баянсан:         

                         «Халиун морьтой өвгөн хөтөл давж явна

                        Халуун элс, нөхрийн сэтгэл надтай цуг түүнийг ширтэж байна

                        Гоо сайхны тухай тэнгэрлэг бодлоо гартаа атгаад 

                        Гозосхийн далдарсан түүнийг улам шохоорхон харнам

                        Одоо тэр морио зөөлөн шавхуурч

                        Оготны нүхнээс дөлсхийн шогшуулж явна

                        Магнайных нь хөлс ертөнцийн гэрэлд нүд урлаж 

                        Манай цаг үеэс тэр цэвэрхэн холдож байна...» 

(Баянсан.Т. Хожмын лаатай уншигдах ном. УБ. 2012. х149) хэмээн тэртээ 1992 онд яруу найрагч “П.Лхагвасүрэн”-д шүлгээ өргөсөн байдаг. Чухам л ертөнцийг гэрэлт нүдээр тольдон:

«Нүцгэн өөрөө нүгэлгүй

Би өөрөө мэдэлгүй

Цаг хугацааг нүцгэлж

Цас өөрөө будармуй» (Лхагвасүрэн.П. “Сэтгэлийн томьёолол” УБ. 2018. х27)

«Дэлт буурал морьд хатирах шиг үүлсийн доогуур

Дэлхийн бор өдрүүд тэнэмэл шарилж шиг хөвөрнөм

Сэтгэлийн минь төгөлд ганц навчис, ганц шад хөвөөд

Сэрүүн намрын сэрүүн өглөө шиг гэнэт гунигланам...»(Лхагвасүрэн.П. “Сэтгэлийн томьёолол” УБ. 2018. х63)

«Бодлын цэнхэр гал асаад эхлэхээр

Бор зулын дөл бадамлаад эхэлнэ дээ

Бошинзны чинь салхи зөөлөн сэвэлзэхээр

Болзоотын аглагхан руугаа сэвээд өгнө дөө»(Лхагвасүрэн.П. “Сэтгэлийн томьёолол” УБ. 2018. х108)

«Цастын ууланд хөөрхий лөө

Царилын дуу гээгднэм зээ

Цаанах наанахнаа бодохлоор

Цалгих сэтгэл минь гэгэлзнэм зээ»(Лхагвасүрэн.П. “Сэтгэлийн томьёолол” УБ.2018. 

х179) гэж шүлэглэж яруу найрагч П.Лхагвасүрэн бээр тунгалаг оронд дэвшнэм. Түүнчлэн математикч мэргэжил эзэмшиж, боловсрол судлалын докторын зэрэг хамгаалсан эрхэм бээр:         

«Сайхан зүүдний минь төгсгөл

Саран дээр ногоон морь зүүрмэглэх...»

 (Лхагвасүрэн.П. “Сэтгэлийн томьёолол” УБ. 2018. х116) гэж сэрснийг уншихаар, басхүү

«...Дээрх тэнгэрийн эгшиглэнт долоон гүнжийг 

Дэргэдээс нь үнсэхээс илүү үнсэв! гэж дуу зохиов, би

Нүднээ, ээжийн минь дүр мэт элгэмсүү хөвөх сарны хөх аялгуунд 

Нэг уйлав, би»

(Лхагвасүрэн.П. “Сэтгэлийн томьёолол” УБ. 2018. х12) хэмээн шүлэглэж зүс бүгэг андуудаа үгүйлэн бударч явааг харахаар монголын яруу найргийн ирээдүйд итгэл төрөх нь гайхах зүйл биш ээ.

Эхэнд дурдан бүхүй аналитик философи нь явсаар “Хэл бол бодлын эрхтэн” гэх томьёололд тулсан агаад амьдралын хэлбэрүүд буюу “Хэлмэрийн тоглоом” гэдэг ойлголтыг бий болгосон байна.

Алив нэгэн утга ба утгат чанарт зохирох текстүүд нь тухайн текстийнхээ хүрээнд л төгсрөн, өөрийн гэсэн шийдэд хүрэх дүрэм журам бүхий хэлний тоглоом. 

Математикт сургах нь хүнийг математикийн хэлэнд л сургаж буй хэрэг бөгөөд тухайн бодлогын томьёолол, +, -, ×, ÷, болон тоо, тоолол бусад тэмдэгтүүд нь цөм өөрийн гэсэн нэг нэг утга илтгэх ба тэрхүү тэмдэгтүүдийн шилжилт, нүүдлүүд нь тоглоомын дүрэмд зааснаар буюу тохиролцсоны дагуу үйлчлэлд орж эцсийн шийдийг гаргах үйл явц. 

Уран зохиолд ч мөн адил бөгөөд жишээ нь Ж.Жойсийн “Улисс” роман байлаа гэхэд тухайн роман доторх дүрүүд нь тэмдэгтүүд, тэдний үйл явдалд оролцож буй нь нүүдэл, шилжилтүүд агаад тухайн романы зохиогчийн бодож боловсруулан дүрсэлж буй цаг-орон нь тоглоомын дүрмийг тогтоож, эцсийн илэрхийлж буй утга нь шийд болох юм. 

Өөрөөр хэлбэл “Улисс” роман нь бүхэлдээ нэг л хэлмэрийн тоглоом. Харин нэгэнт хэвлэгдээд гарсан бүтээлийн хувьд бол зохиолчийн мэдлээс тэр даруй гарч өөрийн оршихуйг олох бөлгөө. Мөнхүү оршин буй хэлмэрийн тоглоомыг тайлан тайлбарлах үйл явц нь бас өөрийн дүрмээр тогложбас л нэгэн шийдэд хүрэх агаад үүнд зохиолч давуу эрхтэйгээр оролцох боломжгүй ба энд уншигч төв байртай. Өөрөөр хэлбэл тухайн зохиолыг ойлгох, хүлээн авах, таашаах, үзэн ядах нь гагцхүү уншигчийн таашаал мэдрэмжийн асуудал.  

Математикч яруу найрагч П.Лхагвасүрэнгийн: 

«Цастын ууланд хөөрхий лөө

Царилын дуу гээгднэм зээ

Цаанах наанахнаа бодохлоор

Цалгих сэтгэл минь гэгэлзнэм зээ» гэх дөрвөн мөр шүлэг нь ч мөн л хэл 

хэлмэрийн тоглоом. Эрдэм номын оройн дээд чандмань, зулайн чимэг болсон Цастын орон түүнтэй ижилсэхүйеэ дор цаст Алтай, Хархираан уулс, түүн лүгээ өвгөдөө хөдөөлүүлэхэд гээгдэн үлдэх ану царилын чимээ. Энэ яваа нас ямархан учрал тохиолоор хотон түмний голомтыг сахиж, гогдсоныг гарган, тээглэснийг холтгож, тэртээхийг инагшлуулах нэгэн заяанд унасан хийгээд дараа бас төрөлдөө хэрхэх буюу хэмээн эргэцүүлэн суухуйяа сэтгэл гэгэлзэн цалгих нь юутай? хэмээлдэн дүрслэн бүхүй нь гагц Пүрэвийн Лхагвасүрэн буюу. Ийн үзвээс яруу найрагч П.Лхагвасүрэн гэдэг нь өөрөө бас л хэл хэлмэрийн нэгэн тоглоом. Ертөнц бол текст. Математикч, боловсролын доктор, ямар ямар юмны ч билээ захирал, яруу найрагч, цаст Хархираан уулнаа сэтгэлээ томьёолон суугч Пүрэвийн Лхагвасүрэнгээс ямар текст үлдэхийг гагцхүү цаг хугацаанд үлдээюү.


2019-04-04