“Эко соёл сан”-гийн тэргүүн Т.Саруултай ярилцлаа.

-Гэр хороололд мод тарих санаачилга өрнүүлсэн байна лээ. Хэр олон мод тарьж амжив?

-”Эко соёл сан”-гаас 2020 онд “Нэг хашаа нэг мод” гэсэн төсөл хэрэгжүүлэхээр санаачилга гаргаад, өнгөрсөн тавдугаар сараас эхлээд модоо тарьж эхэлсэн. Ер нь бидний фокуслаж байгаа газар гэр хорооллын айлууд, хашаа гудамжууд. 

Мод тарих төслүүд ихэвчлэн хотын төвөөр, барилга байгууламжтай газруудаар эсвэл ууланд хэрэгждэг. 

Гэтэл хөрс, агаар, усны бохирдол, хот суурин газрын гол цөм нь гэр хороололд байдаг. Тийшээ тэр болгон төслүүд очдоггүй  юм байна. Гол учир нь гэр хорооллын хүмүүсийн хандлага өөр. Эдийн засгийн нөхцөл бололцоо нь муу. Ийм шалтгаанаар зүрхшээдэг. Бид юутай ч зүрхлээд орсон, цаашдаа наймаас, арван жил үргэлжилэх ажил гэж  харж байна. Тавдугаар сард өөрсдийнхөө нөөц бололцоог дайчлаад, 650 мод гэр хорооллын айл, гэр хороололд байдаг албан байгууллага, хүүхдийн төв, сургуулиудтай хамтарч тарьсан.

Швейцарийн хөгжлийн агентлагт  хандаж  “Нэг хашаа нэг мод” төслөө бичээд, санхүүжилт авахаар хүлээж байгаа.

Ерөнхийдөө  хоёр, гуравдугаар шатанд нь шалгарчихсан. Дахиад нэг хэлэлцүүлгийн дараа гэрээнд гарын үсэг зурна гэж найдаж байгаа.

Тэгвэл бид 18 сарын турш 5000 мод тарих төлөвлөгөөтэй байна.

-Үнэндээ гэр хорооллын айл болгон хашаандаа нэг юм уу хоёр мод тарьчихвал Улаанбаатар ногоон харагдах боломжтой. Гэр хороолол хотын газар нутгийн талаас илүү хувийг эзэлдэг шүү дээ?

-Улаанбаатар Монгол Улсын хүн амын тал хувь. Гэр хороололд Улаанбаатарын хүн амын талаас илүү хувь нь амьдарч байна.

Хотын төвдөө бохирдлын асуудлыг яриад байдаг. Яг бохирдуулаад байгаа газар руугаа анхаарал тавьж ажиллахгүй байгаа нь жаахан асуудалтай. Үүн дээр бид ажиллаж байгаа.

-Та бүхний санаачилгыг гэр хорооллынхон  яаж хүлээж авав?

-Бид жаахан зүрхшээсэн ч энэ асуудлыг барьж авахгүй бол болохгүй гэж үзсэн.

Гэр хорооллын айлд очиход ялангуяа хүүхдүүд их хөөрхөн хүлээж авсан. 

“Манай хашаанд тарья л даа. Би эгч дүү, аав, ээжтэйгээ долуулаа. Манай хашаанд долоон мод таръя” гэж ирсэн. Нэг хашаа нэг мод гэдэг нь заавал нэг хашаанд ганц мод тарина гэсэн утга биш. Ядаж л нэг хашаанд нэг мод яагаад тарьж болохгүй юм бэ гэсэн санаагаа илэрхийлж байгаа юм. Ялангуяа хүүхдүүд хөөрч, баярлаж, идэвхитэй байгаа нь сайхан санагдсан. Өөрсдөө модныхоо нүхийг ухаад, хүлээж байхыг хараад урам орсон.

Хүүхдүүд нь ингэж хүлээж авахаар эцэг, эхчүүд ч бас их дэмжих юм.

Хүн бүр ингэж хүлээж авахгүй нь мэдээж. Гэхдээ эхний айлууд талархан хүлээж авсанд баяртай байгаа.

Бид хамгийн хүнд цэгээс эхэлж байгаа шүү дээ. 

Цагаан давааны хогийн цэгийн эргэн тойронд байгаа айлуудаас эхэлсэн юм.

Хөрс нь бас муу, хайрга шороотой.

Тэрийг ухахад үгүй ээ мөн хэцүү. Тэгэхэд л тэр жаахан хүүхдүүд хамтдаа модны нүх ухчихсан байгаа юм. “Бид нар модоо хүлээж байгаа, усаа авчихсан байгаа шүү, хэзээ ирэх гэж байна” гэцгээгээд их хөөрхөн. 

-Айлуудаа яаж сонгож байгаа вэ?

-Хорооны Засаг даргатай нь ярьсан. Энэ төсөл удаан хугацаанд үргэлжилнэ. Эхний ээлжийн айлууд арай нэг ухамсартай, хүүхдүүдтэй айлууд байвал сайн байна. Өөр нэг шаардлага нь худагт ойрхон байвал сайн гэсэн. 

-Мод чинь амьтай болохоор хатаачихгүй, үхүүлчихгүй байхын тулд мэдлэг хэрэгтэй болно. Мод арчлах мэдлэгээ яаж олгож байгаа вэ?

-Ерөнхийдөө гурван үйл ажиллагааг бид төслийнхөө хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.

Нэгдүгээрт бид мониторинг хийхийн тулд модоо услах ёстой хэмжээгээр нь усалж байна уу,  арчилгаа бордоо дутагдаж байгаа эсэхийг хянахын тулд онлайн аппликейшн хийх гээд программын компанитай хамтрахаар ярилцаж байгаа.

Цаг тухайд нь хүмүүстээ зөвлөгөө өгч, нөгөө хүмүүсийнхээ саналыг аваад явах шууд харилцааны апп байх юм. Төсөлд хамрагдаж байгаа хүмүүстээ бид сургалт хийж байгаа.

Бид бас томчууд, хүүхдүүдэд зориулсан эко аялал хийж, туршлага судлах  аялал зохион байгуулдаг. Захын хорооллын хүүхдүүдийг хотын төвд авчраад Эко боловсролын төв, байгаль хамгаалах чиглэлийн үзвэр, үйлчилгээний газруудаар аялуулсан.

 Ихэнхид нь тийм бололцоо байхгүй шүү дээ. Тэдний сэтгэлд баяр төрүүлж, байгаль хамгаалах нь бидэнд ямар хэрэгтэй юм бэ гэдгийг мэдрүүлэх соёл түгээх зорилготой ажил. Эцэг, эхчүүдийг  үлгэр жишээ тохижуулсан гэр хорооллын мод зүлэгтэй гоё айлуудтай танилцуулдаг. 

Ийм гурван үндсэн чиглэлээр хүмүүсийнхээ боловсролд анхаардаг.

-Хашаандаа  хүнсний ногоо, жимсны мод тариад үр ашиг хүртэх боломжийг бас анхаарч байгаа юу?

-Төслөө эхлүүлэхийн өмнө бидэнтэй ойролцоо төсөл хэрэгжүүлдэг төрийн бус байгууллагуудаас туршлага судлахаар Дархан явсан. Тэнд жишиг гудамж гээд гудамжаа моджуулсан байна. Айлууд нь хашаандаа жимсний мод тарьсан байна. Алим, чавга, чацаргана, хушга, лийр ургуулсан айлууд ч байна. Айлууд хашаандаа ургац хураагаад, бидэнд үзүүлж байсан. Алим хураасан хүмүүс дахиад алимны суулгац тариад, түүнийгээ зарна гээд аж ахуй эрхэлж байгаа айлууд ч  байна лээ.

Ямар ч байсан бидний төсөл цаашид үргэлжлэх юм бол гэр хорооллын айлууд бас  эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, жимсний мод тарих соёлыг  түгээх боломжтой юм байна гэж харсан. 

Модоо сайхан ургуулсан айлууддаа гурав, дөрөв дэх жилээс нь жимсний мод   бэлэглэх юм.

-Мод тариад орхихгүй юм байна. Мод нь ургаж байгаа эсэхийг ч анхаарах юм байна, тийм үү? 

-Хүн хэлэхээс нааш санахгүй гэдэг.  Энэ ургахгүй юм байна, мод тариад нэмэргүй юм байна гээд хаяж болохгүй. Мод нь яагаад ургасангүй вэ, ургуулах ямар арга байна гээд модны судлаач, зөвлөхүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Мод нь ургахгүй бол учир шалтгааныг нь олоод урагшлана даа. 

Ямар ч байсан хаяхгүй. Хяналт тавьж явна.

-Ийм ногоон санаачилгыг иргэдээс гадна орон нутгийн засаг захиргааны зүгээс дэмжиж байгаа болов уу?

-Бид гэр хороололд байдаг хорооны Засаг дарга нартай хамтарч ажиллаж байгаа.

Хамгийн анх санал тавьж хамтарч ажилласан хүмүүс маань  Баянзүрх дүүргийн XIX, XXII хорооныхон. Цаашдаа ч бид хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хамтарч ажиллах болно. 

Бидний бас нэг сонирхолтой хамтрагчид лам нар. Тасганы овоонд яг гэр хороолол дунд байдаг Самъяа хийд гэж бий. Лам нар нь ч маш эко. Тэд мод тарих маш сонирхолтой. 

Сүсэгтэнүүдтэйгээ хамтраад мод тарих, услах ажилд чинь туслаж болно шүү гэсэн. 

Бидний бас нэг зорилго Тасганы овоог ногооруулах. Эко соёл гэдэг утгаараа урлаг соёлынхон бас манай байнгын хамтрагчид байдаг. 

Экологийн боловсрол, хүмүүжил ёс зүйг л соёлын хэмжээнд төлөвшүүлэх зорилготой ажиллаж байна. 

Бидэнтэй соёл урлагийнхан анхнаасаа хамтарч ажилласан. Худгуудыг түшиглэж бас ажиллана. 

Төлөвлөгөөнд орсон ч хараахан эхлээгүй нэг ажил бий. Худгын дэргэд жижиг номын сан ажиллуулах юм. Хүүхдүүдэд экологийн боловсрол олгох жижиг номуудыг бид олж тавина гэсэн үг. 

-Худгууд бас модоо услахад нь дэмжлэг үзүүлэх үү?

-Төсөлдөө хандивлагч, олон улсын байгууллагуудаас дэмжлэг авахаар ажиллаж байна.  Жишээ нь Швейцарийн хөгжлийн агентлагт бичсэн төсөл болохоор мод усалгааны төлбөрийг төслөөсөө гаргаад, эхний сарын усалгааг бүтэн хариуцах жишээтэй. 

Мод тарьдаг манай зөвлөхүүдийн хэлж байгаагаар  эхний сар, тэр дундаа эхний долоо хоногийн усалгааг зөв, сайн хийвэл мод ургах боломж нь төдий чинээ нэмэгддэг юм байна. Ядахдаа л эхний сарын усалгааг бүрэн даана. Гэр хороолын зарим айл мод услах байтугай ундны ус ч дутагдалтай хэцүү айлууд байгаа шүү дээ. Ямар нэг байдлаар бие биедээ туслаж, дэмжээд асуудлыг зохицуулна л гэж бодож  байна.