УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар татварын бааз сууриа тэлж, улсын төсвийг чиглэх орлогын хэмжээгээ өсгөөд зогсохгүй хуурамч шатахууны үйлдвэрлэлийг хумиж иргэдээ олон тэрбум төгрөгийн өрөнд оруулдаг асуудлыг шийдвэрлэж чадна гэж хууль санаачлагч үзжээ.

Уг хуулийн төслийг хэлэлцэх чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар "Монгол Улс сүүлийн 6 жилийн турш "хуурамч шатахуун" гэж нэрлэгддэг нефтийн туслах бүтээгдэхүүнийг онцгой албан татваргүйгээр оруулж ирж холиод автомашинд хэрэглэж байгаа. Үүнээс гарах хохиролд улсын төсөвт жил бүр 60-70 тэрбум төгрөг алдсан. Үүнийг 6 жилээр нь тооцвол 360-аад тэрбум төгрөг алдчихаад байна. 

Цар тахлын энэ үед төсөв хүнд байхад ийм хэмжээний мөнгө алдаад байж болохгүй. Жилд 40 гаруй цэцэрлэг барих мөнгийг зүгээр л алдаж байна. 

Ер нь ийм хуурамч шатахууныг дэлхийд хоёр улсад хэрэглэдэг. Нэг нь Африкийн улс, нөгөө нь Монгол Улс юм. 

Нийгэм, эдийн засагт маш их хохиролтой нэг зүйл бол Монгол Улсад хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудын мотор нь удахгүй эвдэрнэ. Тэгэхээр үүнийг нефтийн бусад бүтээгдэхүүнтэй адил онцгой албан татвартай болгосоноор төсөвт орлого нэмэгдэнэ, мөн иргэдийн автомашиныг эвдрэлээс хамгаалах онцгой ач холбогдолтой. Уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхгүй бол болохгүй" хэмээлээ.