УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуулий н төслийг Соёлын сайд С.Чулуун танилцуулав. /ЭНД дарж уншина уу/

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар "Кино үйлдвэрлэлийн тухай асуудал ярихаасаа өмнө бид кино гэдэг нь чухам юу болохыг сайн ойлгох хэрэгтэй С.Чулуун сайд аа. Монгол Улсад кино үйлдвэрлэл хэрхэн хөгжих ёстой, цаашид яаж хөгжвөл дэлхийн жишигт хүрэх вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй.

Одоо дэлхийд контент үйлдвэрлэл хөгжөөд шинжлэх ухаан болчихсон. Кино, контент үйлдвэрлэдэг студиудыг Universal Pictures, Mosfilm, Warner Bros зэрэг шиг киноны үйлвэрлэл хийдэг үндсэн том нэгтгэлтэй болгох хэрэгтэй. Одоо байгаа 900 студи камер авах гэж зээл авч, хамаг мөнгөө зарцуулаад контентоо үйлдвэрлэх мөнгөгүй болоод унадаг.

Яг яаж хөгжихөө манай киночид сайн мэдэхгүй байна. Кино урлагийг дэмжих тухай энэ хуулийг зарчмын хувьд Соёлын яам дэмжиж байгаа нь сайн байна. Гэхдээ энэ хуулийг батласнаар ямар ч киноны хөгжил ирэхгүй нь тодорхой байна. 

Мөн киноны тухай ойлголтгүй байж энэ асуудлыг ярих нь аюултай. Яагаад гэвэл кино гэдэг нь хүний үзэл бодлыг шууд эргүүлдэг хүчтэй зэвсэг. Энэ хуулийн төсөл түүхий байна. Иймд хуулийн төслийг татаад, хугацааг нь хойшлуулах хэрэгтэй. Гадаадын улсуудын киног дэмжих хууль ямар байдаг вэ гэдгийг сайн судал" хэмээлээ.

Мөн тэрээр "Монгол Улсын кино үйлдвэрлэлийн алтан фондод байгаа кинонуудыг маш хурдан татаж аваад улсын өмч болгох хэрэгтэй. 

Монголд дутагдаж буй зүйл нь кино хийдэг бүх хүн тус тусдаа үнэтэй камертай. Гэтэл яг очоод кино зураг авах талбай байдаггүй. Ийм талбайг бий болгоход төрөөс дэмжлэг хэрэгтэй. Мөн кино теарт олон болсноор киночид орлоготой болдог. Соёлын сайд таны мэдэлд Хөгжимт драмын театр гэж аймгуудад хоосон шахуу 20 заал байгаа. Энэ байгууллагын үйл ажиллагааг байнгын болгохын тулд Хөгжимт драмын театраас гадна кино гаргаж болдог тайзтай болго. Ингэснээр киночид тэрбум төгрөг давсан орлоготой болох боломжтой" гэв.