Багш нар цалингаа нэмүүлэх үндсэн зорилгын хүрээнд Түр хороо байгуулжээ. Энэхүү түр хорооны гишүүд улсын хэмжээнд цалин нэмүүлэх шаардлага хүргүүлэхээр нэгдсэн 32 мянган багшийг төлөөлөн шаардах бичгийг өнөөдөр Засгийн газарт хүргэхээр ирсэн байна. 


ШААРДЛАГА


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танаа. 

Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөнд аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш болон цэцэрлэгийн багш нар нэгдэж зохион байгуулалтад орсныг мэдэгдэж, дараахь шаардлагыг хүргүүлж байна.

-Цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн нийт багш нарын үндсэн цалингийн доод хэмжээг ирэх есдүгээр сарын 1-ний өдөрт багтаан 1,600,000 төгрөгт хүргэж нэмэх.

-Багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг бодит байлгах. Багшийг төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд оруулж, нийгмийн болон эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлэх. Багшийн цалингийн шатлалыг шинээр бий болгон мөрдөх.

-Боловсролын чанарыг дэлхийн жишигт хүргэх зорилгоор багшийн цалинг доод тал нь 3500 ам долларт дүйцэххэмжээнд 2020 он хүртэл нэмэх. Багшийн цалингийн хөтөлбөрийг энэ онд багтаан боловсруулан хэрэгжүүлэх.

Энэхүү шаардлагын хариуг энэ оны наймдугаар сарын 24-ний өдөрт багтаан албан ёсоор "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-нд ирүүлэхийг шаардаж байна. Шаардлагыг үл тоож, ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд энэ оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр болох есөн сарын 1-ний өдрөөс эхлэн хугацаагүй ажил хаях хүртэл тэмцлийн хурц хэлбэрт шилжих болногэв.