Арван жилийн дараа та бидний мэдэх ажил мэргэжлүүд алга болно эсвэл өөрчлөгдөнө. Үлдсэн мэргэжлүүд ч ямар нэгэн байдлаар хиймэл оюун ухаан буюу (Artificial Intelligence A.I.) мөн мэдээлэл технологи дээр суурилна. Хүссэн хүсээгүй амаа аван хүчтэй урагшилж буй энэ өөрчлөлтөд өртөхгүй ажил мэргэжил гэж нэг ч үлдэхгүй нь. Ямар ч мэргэжилтэй болох бай амжилтад хүрч, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлье гэвэл IT сурах хэрэгтэйг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч мэдлэгээр  үнэ цэнийг бий болгох аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын өөрчлөлтийн үр шимийг хүртэж эхэллээ. 

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй топ 10 жагсаалтыг долоо нь технологийн компани байгаа нь үүнийг батална. 2030 он гэхэд AI дэлхийн эдийн засгийг 16 триллион ам.доллараар өсгөнө гэж тооцоо хэдий гарсан.

Өөрчлөлтийн салхийг ухаалгаар хүлээн авч буй орнууд бага дунд боловсролын хөтөлбөртөө ирээдүйд хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц иргэнийг бэлтгээд эхэлчихсэн. Программчлал, код бичих STEAM /Science, Technology, Engineering, Arts, Mathematics/ төрлийн сургалтуудыг хэдийн багтааж эхэлжээ. Бүр нэгдүгээр ангиасаа код бичих суурийг нь тавьж байгаа сургуулиуд ч бий.

Харин бид хаана явна вэ гэж та асуух байх.

Олзуурхууштай нь Монголд анх удаа мэдээлэл технологийн сонгон сургалттай Нест ахлах сургууль байгуулагджээ. Танилцуулах "Nest for next generation" өдөрлөг өнөөдөр Чингис зочид буудалд болж өнгөрлөө.  


Өдөрлөгийг нээж Nest education ахлах сургуулийн үүсгэн байгуулагч Б.Габит “Бид хиймэл оюун ухаан эринд бэлэн үү” лекцийг уншсан юм. 

Тэрээр өдөрлөгт  хиймэл оюун ухааны боломж хүмүүст ямар ашиг тустайг, ирээдүйд юуг өөрчилж болохыг, ойрын 10 жилд мэдээлэл технологийн мэргэжилтний өрсөлдөх чадвар яагаад чухал вэ гэдгийг сонирхолтой олон жишээ татан тайлбарлалаа. Мөн “Мэдээлэл технологи эрчимтэй хөгжиж буй энэ үед бид боловсролын системдээ бодитой өөрчлөлт хийх цаг болчихлоо. Өнөөдөр гэхэд Америк, Хятад улс хиймэл оюун ухаанаар тэргүүлж байна. Хэдийгээр америкчууд шинийг санаачилдаг ч хятадууд гүйцэтгэлээрээ тэргүүлдэг. Эдгээр шилдэгүүдээс бид суралцаж байж инновациараа өрсөлдөнө. Хэрэв мэдээлэл технологийн боловсрол эзэмшчихвэл манай залуус заавал тухайн улсад нь очиж ажиллах шаардлагагүй эх орноосоо тэдгээр компанид онлайнаар ажиллах боломж өргөн болчихлоо” гэдгийг онцлон хэлсэн. 

Үүсгэн байгуулагч Б.Габит нь Infinite solutions” компанийг 12 жилийн өмнө долоон найзтайгаа үүсгэн байгуулагч бөгөөд 2014 онд Стэнфордийн их сургуульд эрдмийн зэрэг хамгаалжээ. Монголд хиймэл оюун ухаан, edtech, fintech чиглэлд улс дамнасан хамтарсан компаниудыг бусад хөрөнгө оруулагчийн хамт амжилттай ажиллаж байгаа нэгэн. 

Сургуулийг үүсгэн байгуулагчид олон улсын технологийн аль ч компанид хүлээн зөвшөөрөгдөхүйц IT мэргэжилтэн бэлтгэх том зорилго өвөртлөн энэхүү ажлыг эхлүүлжээ. Өнгөрсөн жил Next IT-ийн дугуйлан байгуулсан нь үр дүн үзүүлж, урам зориг өгч ирээдүйн шилдэг IT инженерийг бэлдэх суурь болсон байна.

Нэгэнт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлдэх том амбицтай учраас зөвлөх багтаа дэлхийн шилдэг IT-ийн компани Amazon, Apple, Facebook, Microsoft, Oracle-д ажилладаг инженерүүд, АНУ-ын зах зээлд IT-ийн бизнес хийдэг Монголын томоохон компанийн шилдэг залуусыг урьжээ. 

Энэ намар анхны элсэлтээ эхлүүлэх тус сургууль сургалтын хөтөлбөрөө академик түвшинд хүргэхийн тулд олон ажил өрнүүлсэн байна.

Тухайбал АНУ-д IT-ийн чиглэлдээ топ сургуулийн нэг  Massachusetts Institute of Technology-ийн хиймэл оюун ухааны тэнхмийн профессоруудтай хамтраад “Хиймэл оюун ухаан буюу Амьдрал-3.0” гэсэн эрдэм шинжилгээний номыг орчуулж сургалтдаа ашиглахаар болсныг дурдав. Цаашдаа Станфордын их сургууль,  Сингапурын NUS их сургуультай хамтран ажиллахаар зорьж байгаа гэлээ.

Яг үнэндээ олон сургуулиуд хүүхдийг мэдлэгээр л “балбаад” байдаг. Гэтэл амьдрал дээр монгол хүүхдүүд баг болж ажиллах, өөрийгөө илэрхийлэх тал дээр орчин үеийн хүний заавал эзэмших зөөлөн чадвар буюу soft skill дутагддаг нь нууц биш. Энэ талыг олж харсан “Nest”-ийнхэн хичээлийнх нь хөтөлбөрт ном харж цээжлэх биш багштайгаа харилцан ярилцдаг, хүүхдүүдээ багаар хувааж, ямар нэг асуудлыг шийдэх даалгавар өгөх замаар программчлалын үндсийг заах юм. Ингэснээр хүүхдүүд бие дааж шийдвэр гаргадаг болж зөвхөн шийдэл нь мухардсан үед багш нар нь гаргалгаа руу чиглүүлдэг арга барилыг баримтлана гэлээ.

Эцэг эхчүүдийн хамгийн их сонирхож байгаа зүйл бол хүүхдүүдийг мэдээлэл технологийн хичээлээс гадна ямар хичээлд хөгжүүлэх тухай асуулт байлаа.  

Nest сургууль хүүхдийн урлаг, гоо зүйн мэдлэг, бие бялдрыг зөв хөгжилтэй болгохын тулд урлагийн, биеийн тамирын танхимыг тусад нь өргөтгөлөөр байгуулжээ. Хүүхдүүд энд дуртай спортоороо хичээллэж, төгөлдөр хуур, гитар, хийлийн хичээлийг 7 хоногт 1-2 удаа орох юм байна. 

Элсэлтийг 10 дугаар ангиасаа эхлэн авах бөгөөд эхний жилдээ програмчлалын суурь ойлголт, мэдлэгийг зөв тавина, дараа жил нь сонирхлоороо гүнзгийрүүлэн сонгон суралцуулах юм байна.  Суралцагч хүүхдүүд 11, 12 дугаар ангидаа хамтран ажилладаг байгууллагууд дээр дадлага, олон улсын болон дотоодын төслүүдэд цалинтай хамрагдах боломжтойгоороо онцлог. Хүүхдүүд сурангаа л мэдлэгээ үнэлүүлнэ гэсэн үг

Хэрвээ тухайн хүүхэд ажлын байрны шаардлагыг хангаж байвал компаниуд хамтын ажиллагааны дагуу заавал их сургуулийн диплом харгалзахгүйгээр ажилд авах юм байна.

Өдөрлөгийн үеэр Nest сургуулийн ахлах сургуулийн сурагчдад цалинтай дадлага хөтөлбөрийг дэмжин хэрэгжүүлэгч Инфинити солюшн ХХК, Голомт банк, Хас банк, Монгол чаат зэрэг компаниуд хамтын ажилллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм.  Шилдэг инженерүүдийг олноор нь төрүүлэхийг дэмжиж буй Инфинити солюшн компани гэхэд монголчуудын бүтээсэн программ хангамжийг бүтээгдэхүүнийг гадны зах зээлд экспортлодог ажээ. 

Өдөрлөгийн үеэр Nest ахлах сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Билгүүн “Өнгөрсөн жил дэлхийн топ компаниуд болох Facebook, Google, Amazon мэдээлэл технологийн үнэхээр ур чадвартай хүнийг диплом харгалзахгүйгээр ажилд авна гэдгээ зарлачихлаа. Энэ жил нэмээд санхүүгийн ажил мэргэжлийг энэ жагсаалтад багтаасан. Үүгээрээ тэд зэрэг бол хэрэггүй гэж хэлж байгаа юм биш.  IT-ийн мэргэжлийн ур чадварыг үнэлж буй хэрэг. Мэдээлэл технологи асар хурдацтай хөгжиж буй энэ үед хүүхдийг бүр багаас нь программчлал, код бичих суурийг тавих ёстойг, эрэлт хэрэгцээ ихэссэнийг харуулж байна. Гэхдээ ганц мэдээллийн технологи гэж хязгаарлаж ойлгож болохгүй. Сууриа зөв тавьчихвал ямар ч мэргэжил рүү хөрвөдөг, мэдээллийн технологи ашиглах чадвартай болно” гэлээ.