Цахилгаан хангамжийн системд халдлага үйлдсэн нь ихэнх нутгаар тог цахилгаан тасрахад хүргэсэн бөгөөд энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад туслахыг НҮБ болон Орос, Хятад, Иран болон Куба улсаас хүссэн гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ.

“Кибер халдлагаас хамгаалах чиглэлд ихээхэн туршлагатай Орос, Хятад, Иран, Куба улсаас тусламж хүсэж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн Н.Мадуро кибер халдлагыг мөрдөн шалгах асуудлаархи ерөнхийлөгчийн тусгай комиссыг томилжээ.

Венесуэлийн төрийн тэргүүний мэдэгдсэнээр, эрх баригчид цахилгаан хангамжийн системийг сэргээгээд байгаа аж.

Венесуэлийн нийслэл Каракас хот болон тус улсын дийлэнх мужид цахилгаан тасарсан явдал өнгөрсөн пүрэв гарагт болсон юм. Боливар муж дахь Симон Боливарын нэрэмжит Усан цахилгаан станцын үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулсны улмаас ийм явдал тохиолоо гэж “Corpoelec” компани өмнө нь мэдэгдсэн юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS