БНХАУ-ын Синофарм компанид үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг 300 мянган тун вакциныг МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор тээвэрлэж, Улаанбаатарт авчирлаа.

Вакциныг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй дөнгөж сая Шадар сайд С.Амарсайхан нарт хүлээлгэн өглөө.

Энэ үеэрээ Элчин сайд Цай Вэньруй "БНХАУ-ын Засгийн газраас бэлэглэсэн 300 мянган тун вакциныг тээвэрлэсэн онгоц сая Улаанбаатарт газардлаа. Вакциныг хүлээлгэн өгөх ажиллагаанд оролцож буйдаа таатай байна.

Цар тахал гарснаас хойш Хятад, Монголын улс бие биенээ ойлгож, дэмжиж, туслалцаж ирсэн. Бидний хамтын ажиллагаа бол айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдгийн утга учрыг амьдаар нь харууллаа. 

Бидний хамгийн хүнд хэцүү үед Монгол Улсын төр засаг, ард түмэн биднийг ойлгож, дэмжиж, тусламжийн гараа сунгасан. Мөн Монголын ард түмнээс Хятадын ард түмэнд 30 мянган хонь бэлэглэсэнд бид маш их талархдаг. 

Өнөөдөр Хятадын талаас 300 мянган тун вакциныг бэлэглэж буй нь манай 2 улсын вирустэй тэмцэх хамтын ажиллагааг илэрхийлж байна. БНХАУ-ын дарга Ши Жинпин вакцинаа хөгжүүлээд буурай орнуудад хамгийн боломжийн үнээр, хүртээмжтэй түгээнэ гэдгээ мэдэгдсэн. БНХАУ үүнийгээ хэрэгжүүлж, вакцинаа хамгийн түрүүнд хамгийн найрсаг хөрш Монгол Улсдаа вакцинаа хандивлаж байна" хэмээлээ.