Өчигдөр Төв номын сангийн урд явган хүний гарц дээр ажлаа хийж явсан цагдаагийн албан хаагчийн биед халдаж, элдвээр доромжилж, бичиг баримтаа нүүр рүү нь шидээд явсан хэрэг гарчээ. 

Уг жолооч урсгал сөрж явахад нь замын цагдаа зогсоож шаардлага тавьсан боловч ийнхүү бүдүүлэг авир гарган зугтжээ. Энэ талаар Замын цагдаагийн газраас тодруулахад "Өчигдөр зөрчил гаргасан иргэнийг олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна. Иргэдэд хандаж хэлэхэд замын хөдөлгөөнд түрэмгийллээр бус соёлтой оролцохыг уриалж байна" гэсэн юм. 

Уг жолоочийг төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулсан, хэл амаар доромжилсон гэдгээр нь СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст, урсгал сөрсөн зөрчилд нь ЗЦА-аас шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. 

Өнгөрсөн есдүгээр сард мөн иргэн Баярцогт шаардлага тавьсан замын цагдаатай ёс зүйгүй харьцан шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, салаавч гарган танхайрч байсан удаатай.