Монгол Улс 2018 оны 12 дугаар сарын байдлаар 895.1 мянган өрхтэй гэж тоологджээ.Үндэсний статистикийн газраас цагаан сарыг эдгээр өрхүүдийн хэдэн хувь нь тэмдэглэдэг, хэдэн төгрөгийн зардал гаргадаг талаар сонирхолтой судалгаа хийснийг хүргэж байна.

Өрхийн тэргүүний насны бүлгээр авч үзвэл, 

✔ 30 хүртэлх насны өрхийн тэргүүнтэй өрх (I) нийт өрхийн 11.8 хувь, 

✔ 30-39 насны өрхийн тэргүүнтэй өрх (II) нийт өрхийн 26.6 хувь, 

✔ 40-49 насны өрхийн тэргүүнтэй өрх (III) нийт өрхийн 24.8 хувь, 

✔50-59 насны өрхийн тэргүүнтэй өрх (IV) нийт өрхийн 20.2 хувь,

✔ 60-аас дээш насны өрхийн тэргүүнтэй өрх (V) нийт өрхийн 16.6 хувийг эзэлж байна. 

Цагаан сарын баярыг тэмдэглэдэг өрхүүд:

- Нэгдүгээр өрхүүдийн 25.0 хувь 

- Хоёрдугаар өрхүүдийн 45.0 хувь

- Гуравдугаар өрхүүдийн 65.0 хувь 

- Дөрөвдүгээр өрхүүдийн 85.0 хувь 

- Тавдугаар өрхүүдийн 95.0 хувь өргөн дэлгэр тэмдэглэдэг гэж таамаглан тооцоо хийжээ.

Үүнээс үзэхэд 895.1 мянган өрхийн 64.0 хувь буюу 572.6 мянган өрх цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг ажээ.

Тооцооллоор цагаан сарын баярт зориулж нэг өрхөөс идээний зардалд дунджаар 696.1 мянган төгрөгийн зардал гардаг ажээ.

☘419.0 мянган төгрөг буюу 60.2 хувь нь бор идээний,

☘277.1 мянган төгрөг буюу 39.8 хувь нь цагаан идээний зардал байна.

Харин гарын бэлэгт нэг хүнд дунджаар 8.0-18.0 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэнэ гэж үзвэл, нэг хүнд өгөх бэлгийн зардлыг тооцож, нэг өрх дундажаар 60 зочин хүлээн авна гэж үзээд нэг өрх бэлэгт нийтдээ 780.0 мянган төгрөг зарцуулахаар байна. Дээрх хоёр төрлийн зардлын нийлбэрээр буюу идээ болон гарын бэлгийн дүнгээр нэг өрх цагаан сарын баярт дунджаар 1.5 сая төгрөгийн зардал гаргахаар байна.

Харин бэлгийн 80.0 орчим хувийг импортын бүтээгдэхүүн байгаа юм. Энэ нь Монгол Улс Цагаан сарын баярт зориулж дундажаар 357.3 тэрбум төгрөг гадагш урсгадагийг илтгэж байна. Судалгааны дүгнэлтэд цаашид Монголчууд дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг цагаан сарын баярын гарын бэлэгт өргөн хэрэглэвэл дотоодын үйлдвэрлэл хөгжих, ажилгүйдэл буурах, төгрөгийн худалдан авах чадвар сайжрах зэрэг давуу талтайг дурьджээ.