УОК, ЭМЯ, УОК-ын Шуурхай штабт мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажиллаж буй эрдэмтдийн багаас Монгол дахь коронавирусийн өнөөгийн нөхцөл байдал, тархалтын тандалтын судалгааг хийжээ.

Уг судалгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нарыг өнөөдөр ОБЕГ-т ажиллах үеэр үеэр танилцуулав. 

Судалгаагаар Сар шинийн баярын өдрүүдэд буюу 2021 оны 02 дугаар сарын 06-наас 21-нийг хүртэлх 16 хоногийн хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлвэл иргэдийн дунд коронавирус тархах эрсдэл 90 гаруй хувиар буурна. Хөл хорионы дэглэм хэрэгжүүлэх нь цар тахлыг хумих дэлхий нийтэд нотлогдсон шилмэл арга гэдгийг онцоллоо. 

Эдгээр өдрүүдэд хөл хорионы дэглэмийг сулруулвал 2021 оны 03 дугаар сард цар тахлын халдвар нийтийн дунд тархах маш өндөр эрсдэл хүлээж буйг судалгааны дүн харуулж байгаа аж. Шинэчлэн гаргах төлөвлөгөөнд эрдэмтдийн судалгааг харгалзан үзнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээ.

Энэ жилийн хувьд Сар шинийн баяр буюу шинийн нэгэн 02 дугаар сарын 12, баасан гарагт тохиож буй. Хуульд зааснаар шинийн 01, 02, 03-нд бүх нийтээр амардаг ч дээрх гурван өдрийн хоёр нь амралтын өдөр буюу бямба, ням гарагт таарч байна.