10 жилийн давтамжтай цочир хүйтэрдэг

Сүүлийн жилүүдэд цаг агаар  олон жилийн дунджаас харахад харилцан адилгүй болсон. Өөрөөр хэлбэл зуны улиралд бороо орохоо больж хавар, намар борооших нь ихэссэн. Энэ сарын байдлыг олон жилийн дундажтай харьцуулбал 1981-2010 оны дунджаар Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 20-25 хэм байсан.  Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 15-20 градус дулаан байдаг.

Харин  1984, 1985, 1990, 1993, 2003 онд бүх нутгаар уур амьсгалын дунджаас 1-3 хэмийн хүйтэн байсан бол 2001-2002, 2005-2008, 2011, 2015, 2016 онд уг дунджаас 1-4 градусаар дулаан байжээ. Зарим жилд баруун ба төвийн нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүрч цочир хүйтэрдэг бөгөөд энэ нь арван жил тутамд 1-3 удаа тохиолддог.

Ган гачиг 10 жил тутамд давтагддаг

Монгол орны эрс тэс уур амьсгал хур тунадастай салшгүй холбоотой.1981-2010 оны  дунджаар Хөвсгөл, Архангайн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар ахиу ордог хур тунадас сүүлийн жилүүдэд эрс багассан. Мөн Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүх нутгаар1996, 2001, 2002, 2004, 2006, 2011 онд ихэнх нутгаар ургамал хатаж хантай халуун зун үргэжилсэн. Тэгвэл  2016 говь, зүүн аймгуудын нутгаар бороо хур бага орсноос бэлчээрийн ургамал хатаж, ган гачиг нүүрлэсэн юм.  Цаг уур, орчны шинжилгээний газраас хийсэн судалгаагаар ган гачиг 10 жил тутамд давтагдаг байна. 

Борооны улмаас хохирол амссан жилүүд

Олон хоног дарааллан орсон борооны улмаас орон нутгуудад гамшиг хохирол нүүрлэх нь ихэссэн. Ойрын өдрүүдэд ч холбогдох байгууллагууд иргэдийг үер усны аюулаас сэрэмжлэхийг сануулж буй. Өнгөрсөн хугацаанд хохирол амссан жилүүдийг авч үзвэл 1998 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-3 дахин их бороо орсон. Харин 2000 онд Хөвсгөл, Архангай, Булганд 18-38 цаг үргэлжилсэн усархаг хүйтэн бороо орж их хэмжээний хохирол учирсан байдаг. 

 2003 онд Архангай, Сэлэнгэ, Сүхбаатарт 12-17 мм голчтой мөндөр, 2007 онд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хагас хоногтоо 32-60 мм хүчтэй аадар орж иргэд, аж ахуйн байгууллагуудад ихээхэн хохирол учирч байв.

Салхи 15 м/с-ээс дээш түр зуур хүчтэй ширүүсэх тохиолдол говийн нутгаар жил бүр 1-2 удаа болдог. Бусад нутгаар арван жилд 2-4 удаа тохиолддог.