Цаасаар онгоц "бүтээж", нисгэх тэмцээн долдугаар сарын 21-нд Франц улсад болно гэж “France Bleu” радио мэдээлжээ.

Тус радиогоор мэдээлснээр, уг тэмцээн Францын баруун өмнөд нутгийн байгалийн үзэсгэлэнт газартай Ланды мужид болно. “La Patrouille de Gastes” холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа тэмцээний дүрэм маш энгийн аж. Оролцогчид тэмцээн болохоос өмнө А4 хэмжээтэй цаасаар онгоц хийх ёстой. Гэхдээ заавал сонгодог хэлбэрээр "бүтээх" албагүй байна. Зарим оролцогч цаасан онгоцондоо сэнс хийдэг бол аэродинамикийн талаар мэддэг хүмүүс онгоцоо салхины эргэлтэд унагахгүйн тулд хайчаар зүсч хэрчлээс гаргадаг гэнэ. 

Өнгөрсөн жилийн тэмцээнд олон орны 90 “нисгэгч” оролцжээ. Тэмцээний ялагч “нисэх онгоцоо” 24 метрийн өндөрт нисгэж чадсан байна. Гэхдээ 64 метрийн өндөрт нисгэж байсан дэлхийн дээд амжилтыг эвдэж чадаагүй аж. Уг тэмцээнд оролцохын тулд 3 евро төлөх ёстой байна. Зохион байгуулагчид тэмцээний гол шагнал юу байхыг одоогоор дэлгээгүй байна. Харин 2018 оны ялагч усны гадаргуу дээгүүр явдаг нисэх онгоцоор хосоороо аялах эрхээр шагнуулж байжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS