Бүх цагийн үеийн туршид хүний амьдралын бүх хүрээнд хөгжил, дэвшил нэвтэрч хуучин, хэвшсэн амьдралынх нь хэв загварыг өөрчилж сайжруулсаар иржээ.  Хүмүүс морио машинаар, дэнлүүгээ чийдэнгээр, шуудан холбоогоо интернетээр сольсон гээд л. Үүнтэй адил мөнгө ч мөн өөрчлөгдсөөр ирсэн.

Мөнгө эхлээд алт, мөнгө, үнэт металл зоос, байсан. Ийм мөнгөө дараа нь цаасан мөнгөөр сольж сайжруулсан. Цаасан мөнгө нь алт мөнгөн зоосыг тээж явах бэрхшээлээс салгасан, тэгээд ч тэдгээрийг хайлж зоос хэвлэх нь хүнд хүчир хөдөлмөрийг хөнгөвчилсөн гээд тухайн олон давуу талыг бий болгосон боловч хүмүүс тийм ч амар хэвлэмэл цаасанд итгэж чадаагүй юм.  Тиймээс цаасан мөнгийг улс алтан баталгаатай гаргаж байгаа дуртай үедээ мөнгөө өгөөд алтаа авч болно гэж байжээ.

1971 онд АНУ-ын Ерөнхийлөгч Никсон алтан баталгаа гээчийг үгүй алга болгосноос Засгийн газрууд дуртай үедээ мөнгө хэвлэх болсон. Үүнээс хойш мөнгө цаанаа ямар ч баталгаагүй тул өөрийн гэсэн үнэгүй цаасан мөнгө болсон ба Fiat- хэн нэгэн этгээдийн тушаал, шийдвэрийн дагуу гарсан мөнгө гэж нэрлэгдэх болсон юм.

Зээлийн карт гэгчийг гарч ирэхэд эхлээд хүмүүс мөнгө гарт нь баригдаж үзэгдэхгүй тул байгаа эсэхэд итгэхэд хэцүү, шажигнуулан тоолж кайф авч болохгүй гэж гайхан хүлээж авсан. Гэсэн хэдий ч тоолж цагаа бардаг, хаяж гээх, хулгайд алдаж харамсан гашуудах зовлонгоос нь салгасан тул түүнд дурлаж дассан. Одоо цагт бэлэн мөнгө авч явдаг хүнгүй болсон гэвэл дэгсдүүлсэн хэрэг болохгүй.

Дээрх түүхээс харахад хөгжил явахад хуучны ямар нэг биш нийтэд нь хамарсан өөрчлөлтийг авчирдаг. Аливаа өөрчлөлтийг олон нийт шуудхан нэгэн дуунаар хүлээж авдаггүй. Заавал өөрчлөлтөнд эсэргүүцэл саад бэрхшээл тулгарч байдаг байна. 

Үүний шалтгаан нь өөрчлөлтүүд нь нэг бус нилээн олон, бүр бүлэг хүмүүсийн эрх ашиг, сонирхлыг хөнддөгтэй холбоотой.

Одоо харин мөнгөний шилийг даран биткойн гэгч тэргүүтэй крипто мөнгө гарч ирлээ. Би цахим гэхгүй крипто гээд байгаа нь Засгийн газар цаасан мөнгөө цахим буюу электрон хэлбэрээр гаргаж болоод байгаа тул блокчэйн технологид үндэслэж гаргасан цахим мөнгийг түүнээс ялгах гэсэнтэй холбоотой.

Бидний мэдэж байгаачлан крипто мөнгө нь цаасан мөнгөтэй харьцуулахад олон давуу талтай тэдгээр нь мөн шинэ боломжуудыг нээж өгч байгаа. Мөн ганц аймаар “сул” талтай. Үүнийг бид бас л сайн мэднэ. Мэдээж үнэ нь хэтэрхий их савалдаг. Оны өмнөхнөөс ойж дараа нь буугаад олон хүнийг бараг л “алчихаад” байгаа.


Ингэхэд ер нь цаасан мөнгө маань ямар ч асуудалгүй “энх тайвны цагаан тагтаа” юм болов уу


Зах зээлийн эдийн засгийн онолыг үндэслэгчдийн нэг Смит дараахи агуулгатай үгийг хэлсэн байдаг. “Мөнгө өөртөө ойр байдаг цөөнхийг урамшуулж байдаг мөртлөө хөдөлмөрөөрөө олж хуримтлуулж байдаг бүхэл бүтэн үеүдээр тохуурхаж байдаг.”
Энэ нь мөнгөнд ойр байдаг хүмүүс түүгээр тоглодог буюу түүнд шууд нөлөөлдөг болохыг хэлээд байгаа хэрэг. Мөнгөнд хэн ойр байгаа вэ гэвэл Засгийн газрууд болоод банкууд.

Өнөөдөр цаасан мөнгө Смит гуайн хэлсэн зах зээлийн “үл үзэгдэгч” гар буюу эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдахаа болиод засгийн газруудын “гар” , “хүсэл зориг” зохицуулж байна. Мөнгө алтан баталгаагүй болсон тул засгийн газар өөрийн асар их зардлыг санхүүжүүлэхийн тулд шаардлагатай хэмжээгээрээ мөнгөө үйлдвэрлэнэ . Тэр хэмжээгээр мөнгөний ханш унана. Энэ нь цаасан мөнгө савлаж байна гэсэнтэй утга нэг. Энэ савалгаа бидэнд тэр бүр мэдэгдэхгүй. Мэдэгдсэн ч бид крипто шиг эмзэг хүлээж авдаггүй.

Мөнгийг савлуулахгүйн тул төвлөрсөн "чанга" гараар атгах төрийн байгууллага болох “Төв банкууд” байдаг. Төв банкууд мөнгөө атгаж чадахгүй “алийгаа алдах” нь цөөнгүй. Тэр нь өндөр байгаа болохоос биднээс нуух аргагүй. Буруу санаагүй бол өнгөрсөн 8 сард Венесуэлд инфляци нь сард 83000 орчим % байсан. Энэ чинь цаасан мөнгө бас л “аймаар” савлаж байдгийг харуулаад байгаа хэрэг. 10-аад жилийн өмнө Зимбабвед 80-аад тэрбум хувийн /80 гэсэн тоонууд нь санаанд үлдсэн байна/ инфляцитай байсан. Монголд ч ялгаагүй өндөр инфляцийн үе байсан. 90-ээд оны эхэнд би хүний хажуугаар орж хэдэн үг хэлчихдэг чадалтай байсан үедээ манайд инфляци 300 гаруй хувь гэж гадныханд зориулсан нэгэн танилцуулгыг бэлтгэж байхдаа бичиж байсан.

Инфляциас гадна гадаад валютын ханш өдөр бүр өөрчлөгдөөд байдаг биз дээ. Ялангуяа манайх шиг импортоор бараагаа авдаг улс орны хувьд энэ нь биднээс хамаарахгүй, цаасан мөнгийг маань савлуулахгүй ч хэлбэлзүүлээд байна: 2016 онд төгрөгийн доллартай харьцах ханш өнөөдөр буюу 2 жилийн дараа 20% гаруй хувь унажээ.

Банкууд маань мэдээж ашгийн төлөө байгууллага. Тэд мөнгөөр үйлчилж ашиг олдог. Зээл олгож хүү авдаг. Хүү нь эргээд өөрөө шинэ мөнгийг буюу мөнгөний нэмэлт эрэлтийг буюу мөнгө хэвлэх шаардлагыг төрүүлдэг. Бид найдвартай гээд банкиндаа мөнгөө хадгалуулдаг. Хадгалуулсан мөнгийг маань банк зээлэнд нэг гаргаад дараа нь хүнд хэдийнэ өгсөн зээлээ өөр зээлийн шинэ бүтээгдхүүн болгоод дахин зээлд “хий гаргадаг”. Энэ нь яалаа даа? 10 жилийн өмнө дэлхийн санхүүгийн системийг тэр чигээр нь хямруулж баллах шахсан. Одоо тэд хашрахгүй үргэлжлүүлээд л хийж байна.

Цаасан мөнгөнд бас нэг айхтар дутагдал бас бий. Хуурамчаар үйлдэх, залилан луйвар гарч л байдаг. Энэ ч яахав гээд цааш орхиё. 

Харин улс гүрнүүд муудалцахаараа яаж байна?


Бие биеэ шоронд хийж чадахгүй нь ойлгомжтой. Иймд мөнгийг бие биений эсрэг хүчирхийллийн зэвсэг буюу залхаан цээрлүүлэх арга хэрэгсэл болгож байна. Америкууд Оросын, Ираны, Венесуэлийн ч гэнэ үү дансуудыг хаалаа, хөлдөөлөө гэх болов. Хөөрхий эзэндээ үйлчлэх үүрэг мөнгө “шорон”-д орж “бүлтийн суух “ нь энүүхэнд. Ингээд гүрнүүд хоорондоо эдийн засгаараа дайтаад ирэхээр нөгөө цаасан мөнгө маань шалдаа бууж ханшгүй болох ба хөрөнгө оруулагчид түүнд нь өртөж хөрөнгөө үнэгүйдүүлэхгүйн тулд авралыг хайж хөрөнгөө алт, мөнгө, үл хөдлөх болон бусад хөрөнгөнд хийх хэргцээ гарна.

Дээрх бүгдийг нэгтгээд бодохоор одоогийн цаасан мөнгө маань “ цагаан тагтаа” биш болох нь ойлгомжтой. Ирээдүй нь эвгүй байна. Түүнийг харлуулаад байгаа гол шалтгаан нь юу бэ гэвэл төвлөрөл буюу хүний хүчин зүйлийн нөлөө маш ихтэйд байгаа юм. Азаар нэгэн япон нэртэй нууц ноёнтон хүнээс үл хамаарах биткойн гэдэг крипто мөнгийг бүтээчихжээ.

Биткойн нь технологи хөгжихөөр яахыг бүү мэд одоохондоо цаасан мөнгийн сул тал, дутагдлуудыг бүрэн арилгачихлаа

Одоо криптогийн байдал нь цаасан мөнгө алт, мөнгийг орлож гарч ирж байх үе шиг л байх шиг байна. Хуучинсаг хүмүүс биткойныг хулганын хорын “квадрат зэрэг” /манай зарим хүмүүс “дөрвөлжин доторх” гэж орчуулаад байгаа/ мэтээр үзэж хүчтэй эсэргүүцэл үзүүлж байна.

Хуучныхны эрх ашигт суурилсан эсэргүүцэл нь хөгжил, дэвшлийг хэсэг саатуулж чадах хэдий ч эцэстээ хүн гээч нь ухаантай тул өөрт хэрэгцээтэйг ялгаж салгах чадвартай байдгаас шинэ нь хуучныгаа шахаж чаддаг. Үүнийг зөвхөн мөнгөний төдийгүй дэлхийн технологийн хөгжлийн түүх нотлон харуулж байна. Тэгэхлээр крипто мөнгө нь технологийн хөгжлийн үр дүнд гарч ирсэн тул би түүнийг ирээдүйтэй гэж үздэг хүмүүсийн талд байдаг.

Эцэст нь дахиад л нөгөө Смитийн үгийг иш татахаас. Тэрээр "Мөнгө бүхэлдээ итгэл үнэмшлийн л асуудал юм" гэсэн агуулгатай үг хэлсэн байдаг. Эндээс үзэхэд ирээдүйд биткойн хүмүүсийн итгэл, үнэмшлийг л олж байж цаасан мөнгийг дийлэх нь тодорхой юм.



Эх сурвалж: Крипто доогтэр