МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Монгол Улс саарал жагсаалтад орсон талаар хэлэлцэж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газар болон холбогдох хүмүүсийн мэдээллийг сонсжээ.

Энэ талаар МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Энэ асуудлыг улстөржүүлэх муу ажил хийгдэж буй учир тодорхой нэг зүйл хэлье. ФАФТ-ын баг манай улсын 2013-2016 оны хоорондох санхүүгийн байдлын талаар үнэлгээ хийсэн. Тус үнэлгээг хийх үед буюу 2015 оны 8 дугаар сарын 6-нд Ил тодын тухай хуулийг батласан. Энэ хуулийн дараа Монгол Улсын хөрөнгийн хэмжээ 34 их наядаар буюу 150 хувиар нэмэгдсэн байдаг. Ийм сэжигтэй хууль батлагдаж, сэжигтэй хөрөнгийн хөдөлгөөн хийгдсэн учир шалгалтад хамрагдсан нь төвөгтэй. 

Ил тодын тухай хууль 2015 оны нэгдүгээр сард орж ирээд нэг удаа буцсан. Дараа нь тус оныхоо наадмын үеэр тухайн үед эрх барьж байсан АН, МАН-ын хооронд тодорхой уулзалтууд болж, хүчээр хоёр хууль батласан. Нөгөө нь өршөөлийн тухай хууль.

Ингэж хууль гаргаж, хуулийн дараа улсын хөрөнгийн хэмжээ 150 хувиар нэмэгдсэн нь мэдээж гадны байгууллагуудад сэжиг төрүүлсэн байж таарна. 

Улмаар 2016 оны сүүлчээр ФАФТ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүн ирж ажиллаад, Монгол Улсад үнэлгээ хийгээд хэрэгжүүлэх 40 зөвлөмж өгсөн. 

Тэдгээр зөвлөмжийн дагуу Засгийн газар ажиллаад 4-5 асуудлаас бусдыг нь биелүүлсэн. 

Хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын 11-нд Азийн хамтарсан бүлгийн даргаас нь надад захидал ирсэн. 

Тус захидалд “Монгол Улсыг эрчимтэй хяналтад байлгахыг зогсоож, өргөтгөсөн хяналтад байлгах төлөвт орууллаа” гэсэн байсан. Тэр нь хяналтын зэрэглэл зөөлөрч байна гэсэн үг. Үлдсэн асуудлаар сая Парист хуралдаад Монгол Улсын нэрийг Саарал жагсаалтад оруулах ажиллагаа хийгдсэн. Энэ бол 2013-2016 оны хооронд болсон явдлын үр дүн ингэж гарч байна гэсэн үг. 

Биелүүлж амжаагүй 4-5 асуудал гэдэг дотор мөнгө угаахтай тэмцэх асуудлаар шүүх шийдвэр гаргахгүй байна, хөрөнгө хураагдахгүй байна гэсэн хуулийн байгууллагатай холбоотой хоёр асуудал бий.

Эдийн засгийн хувьд Монгол Улс хоригт орсон, хязгаарлалт тавьсан зүйл байхгүй” хэмээлээ.