Шинэ коронавирусийн халдварын цаг үеийн асуудал болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж "Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр Монгол, Хятадын хилийн боомтуудаар нэвтрэх хөдөлгөөнд зарим хязгаарлалт хийсэн. Түүнээс биш хилийн боомтыг хаасан, түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон асуудал байхгүй. Зөвхөн зорчигч, тээврийн хэрэгслийн зарим хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. 

Хязгаарлалт хийсэн нь Монгол, Хятадын хилийн боомтуудаар Монгол Улсын иргэд гадагшаа буюу БНХАУ руу хувийн хэргээр зорчихыг хязгаарласан. Албан ажлын зайлшгүй шаардлагын улмаас бол хилээр нэвтрүүлж байгаа. БНХАУ-аар дамжин транзит нислэг үйлдэж, гуравдагч улс руу зорчиж буй Монгол Улсын иргэдийг зорчуулж буй. Тус улсад байнга амьдардаг, хөдөлмөр эрхэлдэг, сурдаг хүмүүс мөн зорчиж байгаа.

Төлөвлөгөөт болон эмнэлгий гэнэтийн зайлшгүй шаардлагын улмаас хагалгаанд орж буй зэрэг бусад хүндэтгэх шалтгаантайгаар БНХАУ руу зорчиж буй Монгол Улсын иргэдийг мөн хил нэвтрүүлнэ. Хөдөлгөөнийг бүрэн зогсоогоогүй, зарим хязгаарлалт хийсэн. БНХАУ-ын иргэд болон манай улсаас тус улс руу зорчиж буй гуравдагч улсын иргэд хилийн аль ч боомтоор чөлөөтэй зорчино. 

Мөн БНХАУ-аас Монгол руу зорчиж буй иргэдийн хөдөлгөөнийг бүрэн зогсоогоогүй. Тодорхой нөхцөлийн хүрээнд Монголд нэвтрүүлнэ. Тухайлбал, Гуравдагч улсаас шууд Монгол руу ирж буй БНХАУ-ын иргэд, БНХАУ-ын дипломат төлөөлөгчийн газрын ажилтан,  тэдний гэр бүлийнхнийг улсын хилээр чөлөөтэй нэвтрүүлж, хүлээж авч байна. Мөн хүндэтгэх үзэх шалтгаантай БНХАУ-ын иргэдийг хүлээж авна. 

Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдааны шийдвэрээр Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар нүүрс тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан. Улмаар гуравдугаар сарын 02-ныг хүртэл авто замын боомтоор БНХАУ руу нүүрс тээвэрлэх хөдөлгөөн үйлдэгдэхгүй. Зэс болон бусад зүйлс тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл бүхий ачааны машинууд хилээр хэвийн нэвтэрнэ. Тэгэхээр Зам-Үүд боомтоор жимс жимсгэнэ, барилгын материал зэрэг ачаа тээвэрлэж буй машинууд нэвтэрнэ" хэмээн мэдээллээ.