УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав "Салбарын энэ асуудлыг хэлэлцэх цаг нь болсон. Манай улс жижиг ч хэвлэл мэдээллийн олон аж ахуйн нэгж байдаг юм байна. Тухайлбал, дамжуулах станц 42, өргөн нэвтрүүлгийн 19 телевиз байна. Өргөн нэвтрүүлгийг бид өдөр бүр хүлээж авч байгаа. Энэ бол манай улсад хөгжиж буй салбаруудын нэг. Хөгжлийн явцад гарч буй асуудлуудыг цэгцлэх, дэмжих, зөв хэлбэрт оруулах ёстой. Мэдээлэл түгээгчид хариуцлагатай, ёс суртахуунтай байх ёстой. Гэтэл сүүлийн үед бид сөрөг мэдээлэл ихээр авдаг болсон.

Айлууд нэг сард 32-36 мянган төгрөг төлдөг. Мэдээж санхүүжилттэй болсноор үйл ажиллагаа сайжирна. Та бүхний хийдэг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа санхүүжилттэй холбоотой байх ёстой. Улмаар төрөөс бодлогоор дэмжээд өгөхөөр захиалгаар явуулдаг янз янзын нэвтрүүлгүүд цэвэршиж, нийгмийг соён гэгээрүүлэх нэвтрүүлгүүд илүү олон болно. Үүнд үндэсний түүх, ёс заншил, боловсролын нэвтрүүлгүүд орох байх. Нэмээд гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тусгай чиглэл гаргаж, хуулиндаа оруулмаар байна. Нас барлаа, хүчирхийлэлд өртлөө гэхээс илүү эерэг, бусдын амь насыг аварсан баатарлаг үйлдэл зэргийг дэмжиж мэдээллэ. Дандаа муу юмыг яриад байх юм" хэмээн байр сууриа илэрхийлэв.