Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Сүхээг яллагдагчаар тооцон цагдан хорих тухай захирамжийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч гаргажээ. Улмаар түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Элбэгдорж, П.Цагаан, Л.Пүрэвсүрэн, Ж.Сүхээ нарыг лиценз зарж, Солонгос бизнесмэнийг залилсан гэх хэрэгт нэр нь холбогдоод буйтай холбоотойгоор шалгаж эхэлсэн байна.

Тус асуудлаар БНСУ-ын иргэн Ү Тэк Гуаны өмгөөлөгч К.Манлай энэ сарын 5-нд мэдээлэл хийсэн юм.

Өмгөөлөгч К.Манлай
Тэрээр " Ү Тэк Гуан нь хүндэтгэн үзэх шалтгаанаар өнөөдөр ирж чадсангүй. Ү Тэк Гуан 2019 оны 9 дүгээр сарын 11-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт өргөдөл гаргасан. 

Тус өргөдөл нь "Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, түүний зөвлөх Б.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч ээр ажиллаж байсан Ж.Сүхээ нарын төрийн өндөр албан тушаалтнуудад залилуулж, 3 сая доллар алдсан. Мөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулна гэж 700 мянган доллар надаас авсан. Энэ хэрэг шийдэгдээгүй" гэсэн агуулгатай.

Яагаад энэ өргөдлийг ингэж сүүлд өгсөн бэ гэхээр "Монгол Улсад төрийн байдал эерэгээр эргэлээ. Хэрэг нааштайгаар шийдэгдэх боломжтой болж байна. Өмнө нь өгсөн өргөдөл, гомдол огт шийдэгдээгүй, ямар нэгэн байдлаар дарагдаж өнгөрсөн гэдгийг Ү Тэк Гуан надад тайлбарласан.

Манай үйлчлүүлэгч 2011 онд санаачилгаараа өөрийн нэг сая доллароор Монгол Улсын гэр хорооллы иргэдэд шалны халаалт хийж өгсөн юм билээ. Тухайн үед Солонгос дахь шалны халаалтын үйлдвэрийн захирал нь Ж.Сүхээ, П.Цагаан, Б.Пүрэвсүрэн нартай танилцуулж, уулзуулсан байна. 

Тэдгээр хүмүүс нь манай үйлчлүүлэгчид "Та Монголд тустай сайн үйл ажиллагаа явууллаа. Хариуд нь бид 10 сая долларын ханштай алтны ордыг танд 5 сая доллароор өгье" гэсэн санал тавьсан. Үүнийг манай үйлчлүүлэгч ашигтай бизнес гэж үзээд, гэрээ байгуулж, 3 сая доллар шилжүүлсэн байдаг. 

Улмаар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахад алтны нөөц орд биш гэдэг нь тогтоогдсон. Улмаар 2011 оны 11 дүгээр сард ТЕГ, ЦЕГ-т гомдол гаргасан байдаг.

Үүнээс гадна 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах нэг сая доллар нэххээр нь 700.000 доллар өгсөн юм билээ" гэсэн мэдээллийг өгөөд буй.