ВАШИНГТОН. /The Travel/. Ази тивээр аялахаар төлөвлөж буй хүмүүс тус тивийн улсуудын дундаас жуулчдын сонирхлыг нэг их татдаггүй орнуудын нэг Монгол Улсыг анзаарахгүй орхих явдал түгээмэл тохиолддог. Аялагчид ихэвчлэн Монголоос илүүтэйгээр Хятад, Орос, Балба улсыг сонгодог нь тэд Монгол Улсад ямар гайхалтай адал явдлуудтай учирч болохыг мэддэггүйтэй холбоотой.

Монгол Улс нүүдлийн соёл уламжлалаа хадгалж үлдсэнээрээ дэлхийн бусад улс орноос онцлог. Монголын өргөн уудам газар нутгийн дийлэнх хэсэг орчин үеийн технологид өртөөгүй нь үүнийг баталж байна. Морьд давхиж, нутгийн иргэд сүүгээ ууж буй Монголын хөдөө нутагт очсоноор цаг хугацаагаар аялж, өнгөрсөн үе рүү буцсан мэт мэдрэмж төрөх болно. Таны аялах ёстой Азийн дараагийн улс Монгол байх 10 шалтгааныг танилцуулъя.


10. Арвин баялаг түүх


Түүхийг шимтэн сонирхдог хэн бүхний очих ёстой газруудын нэг бол яахын аргагүй Монгол Улс. Өнөөдрийн Монголыг бий болгоход тус улсын ард түмэн маш олон гайхалтай түүхэн үйл явдлыг туулж өнгөрүүлжээ. Та хаана ч очсон тэдгээрийн ул мөр, баримт нотолгоонүүдийг нүдээр үзэх болно. 

Мөн дэлхийн хамгийн сүрдмээр хийгээд нэрт байлдан дагуулагч хэмээн тооцогддог Монгол улсын дайчин Чингис хааны морьт мөнгөн хөшөө цогцолбор нийслэл Улаанбаатар хотоос холгүй оршдог бөгөөд үүнийг үзэхийг танд зөвлөж байна.  


9. Сэтгэл хөдөлгөм баярын арга хэмжээнүүд


Монгол Улс нь Ази тивийн орнууд дундаас жуулчдын сонирхлыг нэг их татдаггүй орнуудын тоонд багтдаг боловч аялахад адал явдлаар дүүрэн, хийх зүйлс ихтэй орон юм. Монголоор аялах хугацаандаа соёлын уламжлалт арга хэмжээнүүдийг үзвэл таны аялал мартагдашгүй байх болно. 

Тэдгээрээс Монголд жил бүрийн долдугаар сард болдог “Наадам” хэмээх баярыг жишээ татъя. Монголын бага Олимпын наадам хэмээн нэрлэж болохуйц уг баярын үеэр морины уралдаан, бөхийн барилдаан зэрэг тэмцээнийг зохион байгуулдагийн зэрэгцээ соёлын өв уламжлал шингэсэн арга хэмжээнүүд болдог. 


8. Дэлхийн хаанаас ч амсаж чадахгүй хоолнууд


Шинэ хоолнууд амсаж үзэх нь аяллын хамгийн сайхан хийгээд таатай мөчүүдийн нэг билээ. Монгол үндэстний хоол дэлхийн бусад оронд нэг их нөлөө үзүүлээгүй байж болох хэдий ч ямар амттай болохыг өөрийн биеэр ирж, идэж үзэж байж л мэдэрнэ. 


Та хөдөөний малчин айлаар зочлохдоо хамгийн эхэнд харах зүйл бол тэд өөрсдийн нөөц бололцоо болон амьтны гаралтай түүхий эдийг ашиглан хэрхэн хэрэгцээгээ хангаж буй явдал юм. Малчин айлуудын хийдэг банш маш амттай! Хэдийгээр тэд ихэнх хоолондоо мах хэрэглэдэг боловч цагаан хоолтнуудад ч мөн сонголт бий. 

 

7. Дэлхийгээс түр ч гэсэн холдохыг хүссэн нэгэнд яг тохирсон газар


Заримдаа орчин үеийн дэлхийгээс түр ч гэсэн холдохыг хүсэх үе хэн бүхэнд тохиодог. Гэвч цаг хугацаагаар аялах боломжгүй тул Монголын хөдөө нутгаар аяласнаар илүү тайван цаг хугацаанд очих боломж бүрдэнэ. Нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь онгон дагшин хэвээр байгаа Монгол улс дэлхий дахины хөгжсөн газруудаас тэс өөр байх болно. Энд та автомашин доторх уур бухимдал, тасралтгүй сонсогдох технологийн чимээ, харсан зүг бүрт байх шахцалдсан хүмүүсээс ангид байх боломжтой. 

"Once Upon a Journey" аяллын блогт Монгол Улс улам алдаршиж буйг онцлоод, ойрын хэдэн жилийн хугацаанд жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг газруудын нэг болно гэж тэмдэглэжээ. Монгол улс хэдийг хүртэл тайван хэвээр байхыг хэн мэдэх билээ.


6. Монголд дэлхийн хамгийн том цөлүүдийн нэг бий


 

Хэрэв та Монгол улсаар аялахаар болвол манай дэлхийн хамгийн том цөлүүдийн нэгд тооцогддог Говь цөлийг үзэх цаг заавал гаргаарай. Говь цөлтэй танилцах олон арга бий бөгөөд “Vogue” сэтгүүлд Монголын говийг тэмээгээр, явган эсвэл “Jeep” машинаар туулах боломжтой хэмээн бичжээ. Эдгээр сонголт тус бүртээ давуу болон сул талуудтай. Та аль ч төрлийн аялагч байсан Говиор аялах нь хэзээ ч мартагдашгүй дурсамжийг үлдээнэ. 


5. Амьтдыг энд тэндгүй харах боломж


Хэрэв та амьтанд хайртай нэгэн бол аяллын жагсаалтад тань заавал багтах ёстой орнуудын нэг нь Монгол. Энд та замын хажуугаар бэлчих морь, тэмээ, ямаа, хонь, үхрийг харна. Харин хажуу айлын “Чихуахуа” нохойноос өөр амьтныг ойроос хардаггүй, том хотын амьдралд хэдийнэ дассан нэгний хувьд тэдгээрийг хараад бага зэрэг цочирдож магадгүй юм. 

Таны олж харах амьтдын дийлэнх нь малчдынх боловч малаа хаших шаардлага тэдэнд байдаггүй. Үүнээс гадна цасны ирвэс, зээр, сарлаг, Пржевальскийн морь зэрэг маш олон төрлийн зэрлэг амьтад бий. 


4. Жуулчид “шаваагүй”


Жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг нэртэй газруудаар аялахын нэг сул тал нь жуулчдын урсгал байдаг. Харин энэ тохиолдолд Монгол Улс харилцан ашигтай сонголт байх болно. Яагаад гэвэл Монголд үзүүштэй маш их зүйлс бий боловч дэлхий нийтийн анхаарлыг хараахан татаагүй байгаатай холбоотойгоор цөөн тооны жуулчин л тус улсыг зорьдог. 

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс жуулчдын сонирхлыг нэг их татаж чадахгүй байсан гол шалтгаан нь өвлийн улиралд маш их хүйтэрдэгтэй холбоотой. Энэхүү шалтгаанаар олон аялагч Хятад, Орос, Балбаар аялахыг илүүд үздэг боловч уг нөхцөл байдал өөрчлөгдөж байна. 


3. “Үзүүштэй” Улаанбаатар хот


Монгол Улсаар аялах өөр нэгэн шалтгаан бол нийслэл Улаанбаатар хот. Үзэж сонирхох алдартай газрууд болон нуугдмал үзэсгэлэнтэй газрууд ихтэй Улаанбаатар дэлхийн бусад улсын нийслэлээс тэс ондоо. Хэдийгээр орчин үеийн онцлог, олон улсын нөлөө шингэсэн ч Монголын уламжлалт соёл хотын дийлэнх хэсэгт ноёлсон хэвээр байна.  

Улаанбаатараар аялахдаа хотын төвд оршдог Сүхбаатарын талбай, Богд хааны Өвлийн ордон болон түүхийнхээ мэдлэгийг зузаатгах боломжтой олон тооны музейгээр зочлохыг “Fodor's” аяллын блог санал болгожээ. 


2. Дэлхийн хамгийн найрсаг хүмүүс


Монголоор аялаад ирсэн бараг бүх хүний хэлдэг нэг л зүйл бол “дэлхийн хамгийн найрсаг хүмүүстэй орон” гэдэг үг юм. Хэдийгээр тэд Англи хэлээр ярьдаггүй боловч гадаадын жуулчдыг найрсгаар угтаж, соёл уламжлал болон амьдралынхаа хэв маягийн талаар хуваалцахад бэлэн байдаг. 

Монголын хүн амын тал орчим хувь нь Улаанбаатар хотдоо оршин суудаг боловч жуулчдыг хүлээн авж уулзах малчин айл өрхүүд хөдөө орон нутагтаа амьдарсан хэвээр байна. Хэдийгээр тэд бусдын адил жирийн тав тухыг эдлээд байдаггүй боловч маш халуун дотно, нөхөрсөг хийгээд байгаа бүхнээ бусадтай хуваалцах дуртай хүмүүс байдаг.


1. Майхантай аялахад хамгийн тохиромжтой газар


Байгалийн сайханд майхан барин амрахыг хүсэж буй хүмүүсийн хувьд дэлхий дээрх хамгийн сайхан сонголт бол Монгол Улс. “Vogue” сэтгүүлд нийтэлснээр, Монголын хаана ч майхнаа барин хоноглоход үнэ төлбөргүй байдаг боловч шийдвэрээ гаргахын өмнө энэ талаар судалж үзэхийг зөвлөжээ. Түүнчлэн Монголын нутаг дэвсгэрийн дийлэнх нь газрын зурагт сайтар тэмдэглэгдээгүй байгаа тул аяллаа төлөвлөхөд бага зэргийн хүндрэл учирч болзошгүй.

Хэрэв та майханд хоноглохыг хүсэхгүй байгаа бол Монголын ард түмний уламжлалт сууц болох гэр амралтын газрыг сонгох боломжтой. Энд та өөрийн гэртээ байгаа мэт тав тухыг эдлэхгүй хэдий ч саун, шүршүүрт орж, гараар хийсэн хөнжилд унтах боломжтой. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг