Энэ сарын 12-нд Сингапурт хийхээр товлоод буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалт Сентоза арал дахь “Capella” зочид буудалд болно. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
 
Ким Жөн Унтай энэ сарын 12-нд Сингапурт уулзахаа Д.Трамп өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхийн сацуу тус уулзалтын үеэр ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурах төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн юм. Түүнчлэн Умард Солонгосын эсрэг “дээд зэргээр шахалт үзүүлэх” гэдэг үгийг дахин ашигламааргүй байна хэмээн мэдэгдэж байсан билээ. Хоёр улсын удирдагчдын хийхээр товлосон уулзалт орон нутгийн цагаар  09:00 цагт болно гэж С.Сандерс өмнө нь мэдэгдсэн юм.