Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” болон “Subaru” компани цахилгаан хөдөлгүүрт шинэ автомашин бүтээх ажлаа эхлүүлсэн байна. Тэд шинэ машинаа 2021 он гэхэд зах зээлд гаргахаар төлөвлөжээ.  

Одоогоор хоёр компанийн инженерүүд холбогдох төслийг боловсруулж байгаа аж.

Эхлээд “Subaru” компани бие даан цахилгаан хөдөлгүүрт машин бүтээхээр төлөвлөж байсан боловч өртөг ихтэй учраас төслийг зогсоож “Toyota” -тай хамтран ажиллахаар болжээ. Тус хоёр компани хамтран бүтээсэн машинаа аль алиных нь брэнд нэрээр худалдаанд гаргана. Үүнээс гадна, “Toyota” компани Японы “Suzuki” болон “Mazda ” компанитай цахилгаан автомашин хамтран үйлдвэрлэх гэрээ байгуулсан байна.

“Toyota” компани нь хос хөдөлгүүрт автомашины худалдаагаар дэлхийн зах зээлд нэгдүгээрт ордог билээ. Тус компани бензин болон дизель түлшээр ажилладаг хөдөлгүүртэй автомашиныхаа үйлдвэрлэлийг 2025 он гэхэд бүрэн зогсоож, зөвхөн хос хөдөлгүүрт, цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэхээр төлөвлөсөн тухайгаа урьд нь мэдэгджээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Kyodo