SpaceX, Tesla компанийн захирал Элон Маск Ангараг гариг руу хөөрөх тухай ярьж байхад Японы автомашин үйлдвэрлэгч Toyota компанийн захирал Акио Тоёода дэлхийтэйгээ арай ойр caр руу явах тухай бодож сууна.

Саран дээр газардсан гурван улс байдаг: АНУ, ОХУ, БНХАУ. Япон улсын Сансар судлалын агентлаг (JAXA) 2030 гэхэд cаран дээр өөрийн хүнээ буулгах төлөвлөгөөтэй байна.

Тоёота компани зургаан дугуйтай, устөрөгчийн хөдөлгүүртэй сарнаа явагчийг үйлдвэрлэх төсөл дээр хэдийн ажиллаж эхэлжээ. 

50 гаруй жилийн өмнө Аполло хөтөлбөрт ашиглаж байсан АНУ-ын Женерал Моторс компанийн бүтээсэн хорхой шиг хэлбэр дизайнтай сарнаа явагчдыг бодвол илүү хүч чадалтай, хоёр микро автобусыг нийлүүлсэн дайтай хэмжээтэй байх юм байна.


"Бид шинэ зам олсон. Сар. Энэ шинэ зам дээр явах шинэ ватомашин хийх болно" гэж Тоёота компанийн Сарны судалгааны төслийг хариуцагч, Prius автомашины дизайн дээр ажиллаж байсан Такао Сато хэлжээ.

Тоёота компани өөрийн үйлдвэрлэсэн устөрөгчийн түлшний системтэй Mirai автомашинаас сэдэвлэн бүтээж байна. Гэхдээ Саран дээр устөрөгч болон хүчилтөрөгчийг олох боломгүй учраас дэлхийгээс энэ хоёрыг тээвэрлэх хэрэгтэй болно. Ямар ч байсан түлшний сав нэг дүүргэлтээр 1000 км явах чадалтай байх ёстой юм байна. Нийт 42 хоногийн хугацаанд 10 мянга гаруй км газар туулах ёстой.
Нийт жин нь 3.5 тон жинтэй. Дугуй тус бүр нь хөдөлгүүртэй, нэг бүр 54 морины хүчин чадалтай. Дээд хурд нь 19-24 км/цаг байна. Одоогоор ямар өртөгөөр үйлдвэрлэх нь тодорхойгүй байна.