Японы автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг “Toyota” компани гал гарах эрсдэлтэй гэх шалтгаанаар хос хөдөлгүүр бүхий “Prius”, “Prius plug-in hybrid” болон “C-HR SUV” загварын нэг сая орчим автомашинаа эргүүлэн татаж, цахилгааны систем дэх доголдлыг нь засварлахаар болсон тухай компанийн төлөөлөгч лхагва гарагт мэдээллээ.

Эдгээр автомашины талаас илүү хувь нь Японд, 200 мянга орчим нь АНУ-д байгаа аж. Харин үлдсэн хувь нь Европ болон бусад улсын зах зээлд борлогдсон байна. Энэ сард Америкийн жолооч нарт автомашиныг нь эргүүлэн татах тухай мэдэгдлийг цахим шуудангийн хаягаар нь илгээх ажээ.

Ийнхүү эргүүлэн татахаар болсон автомашинуудыг 2015 оны 6 сараас 2018 оны 5 дугаар сарын хооронд үйлдвэрлэсэн байна. Компанийн мэдээлснээр, засварын ажлыг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэх аж.

“Toyota” компанийн “Prius” загварын автомашинд өмнө нь ч мөн адил согог доголдол илэрч байсан юм. 2016 онд тус компани аюулгүйн дэр болон тоормосонд нь доголдол гарсан 1.7 сая гаруй ширхэг автомашиныг эргүүлэн татаж байсан билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг