Торгоны замын түүхийн жимээр анх удаа тэмээгээр аялах гэж буй Н.Байгалмаатай уулзлаа. Тэрбээр аялал жуулчлалын салбарт сүүлийн 10 жил ажиллаж байгаа туршлагатай аялагч хөтөч, уулчин юм.

-Аялалдаа хэзээ гарах гэж байна?

-Энэ сарын сүүлээр замдаа гарахаар төлөвлөж байна. Энэ аяллын талаар сүүлийн 4-5 жил бодож байсан ч яг эхлэхэд маш олон асуудалтай учирдаг юм байна. Наад зах нь хил гараад явах учраас 10 тэмээний бичиг баримтны асуудал цаашлаад аяллын мөнгө санхүү гээд толгой дээр буух, шийдэх ажил ихтэй явна. Яг одоо гэхэд зөвшөөрлөө авах гээд яамны үүд сахиад сууж байна.

 -Торгоны замаар тэмээтэйгээ хэдэн жил аялах вэ?

-Бид чинь бүхэл бүтэн гурван жил олон орон тойрч явах учраас алс замын ачаалал  даах залуу тэмээд авсан. Үүнээс ч богино хугацаанд Торгон замыг туулж болох ч тэмээгээ хайрлаад удаан аялахаар шийдсэн дээ. Манай тэмээд Ханын хэцийн хүрэн үүлдрийн, шилмэл тэмээд. Өмнө нь уналга, ачлага эдэлгээнд бараг хэрэглэж байгаагүй залуу  тэмээд болохоор унаж сургаж байна. Харахад ханхар том ч гэлээ өрөвч зөөлөн сэтгэлтэй амьтан юм аа. Хүүхдүүдээ орхиод алс замд гарах гэж байгаа болохоор сэтгэл догдлохын хажуугаар санаа зовж л байна. Энэ хэдэн жилийг тэмээтэйгээ уйлж дуулаад туулна даа.

-Аяллаа  дуусгаад тэмээгээ яах вэ, амьтны хүрээлэнд үлдээх үү?

-Бид тэр хол замыг туулж очоод тэмээгээ амьтны хүрээлэнд орхихгүй гэсэн бодолтой байгаа. Ямар ч л байсан эх орондоо заавал авчирна. 

-Монгол хувцастайгаа аялах гэж байгаа гэсэн?

-Хамт аялах найзтайгаа хоёулаа монгол хувцасаа аялалын турш өмсөнө.Тэр байтугай хоол хийх савнаас эхлээд тэмээний буйл, тохомоо хүртэл жинхэнэ монгол хэв маягаар бэлдэж байгаа. Сүүлийн 10 гаруй жил аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа хүний хувьд  иргэний үүргээ биелүүлж байгаа хэрэг. Анх дэмжсэн хүн бол Английн алдарт явган аялагч Карл Бушби. Манай бaг гурван монгол, гурван гадаад хүний бүрэлдэхүүнтэй. Энэ бүхний дараа бид дэлхийд хоёр бөхтэй тэмээг таниулж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Аяллын турш нэвтрүүлэг хийхээр төлөвлөсөн.

-Аялалд гарахын өмнө юу бодогдож байна?

-Олон зүйлс бодогдож байна. Аав ээж маань тэмээтэй, малчин хүмүүс.  Хар багаасаа хонь мал хариулж өссөн болохоор аялалдаа итгэл дүүрэн байгаа.