Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх вакциныг өчигдрөөс хийж эхэлжээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Томуугийн улирал эхэлж буй учир томуугийн вакцин хийх ажил улс даяар өрнөж байна. 10 дугаар сарын 01-10-нд улирлын томуугийн вакцин хийж, хүн ардаа томуугаас хамгаална. ДЭМБ-ын батламжийг авсан, хоёр өөр улсад үйлдвэрлэгдсэн , орц найрлага нь яг ижил вакциныг бид хүлээж авсан. Нэг нь БНСУ, нөгөө нь Бразил улсад үйлдвэрлэгдсэн. 

Эдгээр нь томуугийн А хүрээний H1N1, H3N2, Б хүрээний гэсэн гурван хэв шинжийг агуулсан вакцин юм. ДЭМБ-ын зөвшөөрч, баталсан вакцинууд учир ард иргэд маань эргэлзэх шаардлагагүй.

Мөн томуугийн вакцины олдоц муу байгаа энэ үед ДЭМБ 300 хүн тун вакцин оруулж ирж, бидэнд тусалсан" гэв.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица "Томуугийн эдгээр вакцин аюулгүй, үйлчилгээ нь маш үр дүнтэй бөгөөд улирлын томуугийн өвчлөл, нас баралтаас бүрэн сэргийлж, хамгаалах нөлөөтэй нь шинжлэх ухаан, судалгааны үр дүнгээр нотлогдсон" хэмээлээ.

Томуу болон сахуу татран өвчний эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг нийслэл болон хөдөө орон нутагт 2020 оны аравдугаар сарын 01-нээс 10-ны хооронд зохион байгуулж байна.

Томуугийн эсрэг вакциныг хэн, хаана хийлгэх вэ?

- 2-9 насны цэцэрлэг, сургуулийн хүүхэд тухайн цэцэрлэг, сургуулийн дархлаажуулалтын түр цэгт,

- 06 сартайгаас 9 насны цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа дүүргийн Эрүүл мэндийн төв, салбар амбулатори болон Өрхийн эрүүл мэндийн төвийн Дархлаажуулалтын кабинетэд вакцин хийлгэнэ.


Вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах вэ?

  • Эмчийн үзлэгт орох,
  • Сайтар унтаж амрах,
  • Дулаан хувцаслах,
  • Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх.

 

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

  • Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх,
  • Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх,
  • Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх.