2020 онд Токиод болох олимпын наадмын зохион байгуулагчид Японы тамирчин болон үзэгчдэд зуны халууны нөлөөг багасгахын тулд өдрийн нарны гэрлийг илүү ашиглахыг уриалжээ.

Тус улсын Ерөнхий сайд асан  Ёширо Мори одоогийн Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзах үеэрээ "Бид Олимпыг ашиглан энэхүү төслийг хэрэгжүүлэхийг хүсч байна" хэмээсэн бол Шинзо Абэ эрх баригч Либерал Ардчилсан намд энэхүү төлөвлөгөөг хэлэлцэн шийдвэрлэхийг хүссэн байна.

Япон улсад сүүлийн хэдэн жилийн туршид тохиогоогүйгээр 40 градус хүртэл халж байгаа бөгөөд цаг агаарын энэ өөрчлөлт үргэлжилж 2020 онд болох Олимпод нөлөөлөх эсэхэд одооноос түгшиж буй юм.

Өдрийн цагийг уртасгах санааг бизнесийнхэн, улс төрчид болон зарим хүмүүс тааламжтай хүлээж авдаг бөгөөд энэ нь гэр бүлтэйгээ хамт зуны урт үдшийг сайхан өнгөрүүлэх боломж олгодог байна.

Гэвч шүүмжлэгчидийн үзэж байгаагаар оффисын ажилчид илүү цагаар ажиллан цалингаа нэмэгдүүлэхийн тулд удаан хугацаагаар ажлын байрандаа цагаа өнгөрүүлнэ гэж үзэж байна.

Токио хотод нар оройн 7.00 цагийн орчимд жаргадаг аж.

"Өдрийн цагийн хэмнэлт нь Японы ард түмний өдөр тутмын амьдралд ихээхэн нөлөө үзүүлэх болно, бидэнд Олимпын тоглолт хүртэл хоёр жил л үлдээд байна" гэж Засгийн Газрын Хэвлэлийн Төлөөлөгч Суга мэдэгджээ.

Мөн албаныхан халуун цаг агаарын нөлөөг багасгах төлөвлөгөөг боловсруулж, тэмцээний цагийг эрт эхлүүлэх, замын гадаргуугийн температурыг бууруулах тусгай хучилттай зам тавих зэргээр ажиллаж байна гэжээ.