Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ТICA), Германы Олон улсын хамтын ажиллагааны (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр хамтран   “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн 2.5 жилийн хугацаанд хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү төслийг Увс, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудын төсөл хэрэгжүүлэх дэд нэгжээр дамжуулан төслийн үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх юм. Гурван талт хамтын ажиллагааны хөтөлбөр нь Тайланд-Герман улсуудын санаачилсан түншлэлийн хөтөлбөр бөгөөд тус хоёр улсаас гадна дахин нэг улс сонгож хамтран хэрэгжүүлдэг юм. Тус төслийг Тайланд улс өмнө нь өөрийн хөрш Вьетнам, Камбож, Лаос, Мьянмар, Тимор-Лесте орнуудтай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд энэ удаа Монгол улсыг сонгон хэрэгжүүлж байгаа нь тус хөтөлбөрийн хувьд эх газар байршилтай улстай хамтран хэрэгжүүлж буй анхны тохиолдол ажээ.

Тус төслийн хүрээнд аялал жуулчлалын байгальд ээлтэй бүтээгдэхүүн болон үнэ цэнийн сүлжээг Монгол улсын 3 аймагт бий болгох, аялал жуулчлалтай холбоотой үйлчилгээг хөгжүүлэх, маркетинг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, орон нутгийн болон аймгийн засаг захиргааны аялал жуулчлалын төлөвлөлт, аялал жуулчлалын чиглэлийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлалын салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээг үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.