Монголд болон дэлхийд ховордож байгаа цэн тогорууг хамгаалах зорилгоор тогорууны баярын тэмдэглэдэг билээ. 

Энэ жилийн баярыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Зэрлэг амьтан хамгаалах, судлах төв, зүүн бүсийн  ДЦГ-уудын байгаль хамгаалагчид, орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулсан байна.
Тогорууны баярын үеэр эко клубын гишүүд бэсрэг наадам зохион байгуулж ховор шувуудтай холбоотой асуулт хариултын тэмцээн зохиожээ. Тэмцээнд хүүхдүүд идэвхтэй оролцож асуултад алдалгүй хариулж байсан нь тогорууны баяр хийснээр үр дүн гарч байгаагийн нэг илрэл юм гэж зохион байгуулагчид дурьдлаа. Мөн наадмыг үзэж сонирхож буй хүүхдүүдэд тогорууны дүрстэй хайчилбар хийх, тогорууны зураг будах, цаасан нугалбар хийх аргыг зааж өгчээ.

Тогорууны баярын өдөрлөгийг сумдын байгаль хамгаалах эко клубын гишүүд, хүүхдийн төлөөлөл, нутгийн иргэд зэрэг нийт 600 гаруй хүн үзэж сонирхсон байна.

Сонирхуулахад цэн тогоруу нь дэлхийд ховордож байгаа бөгөөд  дийлэнх нь Монголд зусдаг гэсэн судалгаа бий. Голдуу шавьж хорхой, үр тариа, ургамал болон зарим жижиг амьтдаар хооллодог бөгөөд байгальд зэрлэгээр үлдээд байгаа нь дөнгөж 1500 орчим гэсэн тооцоо бий.