Монгол хүн сансарт ниссэн 40 жилийн ой энэ өдрүүдэд болж байна. Энэхүү арга хэмжээг тохиолдуулан хүүхэд багачуудыг сансрын технологитой танилцуулж, академик боловсролыг амархан сонирхолтой арга барилаар олгодог “Дүдү боловсролын сан”-г үүсгэн байгуулагч Д.Мөнхтулгатай ярилцлаа. Тус сан нь хүүхдүүдэд шинжлэх ухаанч, технологийн мэдлэг олгохоор  “Дүдү хүүхдийн музей”, “Дараагийн сансрын нисгэгч”, “Space camp Mongolia” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. 


Сансрын тухай мэдлэг, төсөөлөл хүүхдийн оюун сэтгэлгээг баяжуулдаг

Орчин цагийн хүүхдүүд чихмэл тоглоом, хүүхэлдэй, хуванцар машинаас илүү оюун сэтгэлгээ шаардсан тоглоомыг сонирхож байна. Тэр хэрээрээ тоглоомоороо дамжуулан байгаль, шинжлэх ухаан, техниктэй танилцах нь олон талын ач холбогдолтой. Хөгжингүй орнуудад хүүхдэд багаас нь шинжлэх ухаанч, технологийн мэдлэг олгох зорилгоор багаас нь хүүхдийн музей, зуслан зэрэг сургуулиас гадуур албан бус боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг жишиг бий. Ийм аргаар багаасаа танин мэдэх суурь нь тавигдсан хүүхэд ирээдүйд суралцах дуртай хүн болж төлөвшдөг аж. 

Д.Мөнхтулга анх АНУ-ын Чикаго хотын хүүхдийн музейг үзэж монгол хүүхдүүд ийм музейтэй болбол хэчнээн их баярлах бол гэсэн дэврүүн хүсэлдээ хөтлөгдөн “Дүдү хүүхдийн музей”-г гурван жилийн өмнө нээжээ. 

Тэрээр “Монголчууд музей гэхээр шилэн хоргоны цаана байгаа хүйтэн хөндий үзвэрүүд гэж л төсөөлдөг. Би энэ музейн бүх зүйлд хүрч, мэдэрч, хэрхэн, яаж ажилладгийг нь турших, дуурайж оролдох боломжийг олгохыг хүссэн. Тиймдээ ч тоглоомоор дамжуулан танин мэдэх боломжийг нээх гэж хэсэг бүхэн дээр нь анхаарч ажилласан. 

Хүүхдүүд сансрын хөлгийн загварт зүгээр л ороод гарах нь хангалтгүй шүү дээ. Эхлээд сансрын нисгэгчийн анхан шатны шалгалт өгч, дараа нь хувцсыг дүрмийн дагуу  өмсөж, хөлөгт мөрдөх журмыг хэрэгжүүлэх шаардлага тавьдаг юм. 

Албан бусаар, хөгжилтэй аргаар тэднийг оролцогч болгочихдог хэрэг. Ийм аргаар гал сөнөөгч, эмч зэрэг бусад мэргэжлийн дүрд хувирч тоглосноор хүүхэд мэргэжлийн чиг баримжаатай болдог.” гэж ярилаа. 

“Дүдү боловсролын сан”-г үүсгэн байгуулагч Д.Мөнхтулга


Шинжлэх ухаан гайхширахаас эхэлнэ

Шинжлэх ухаан гайхширахаас эхэлнэ гэж нэрт эрдэмтэн Аристотель хэлсэн байдаг. Энэхүү алдарт үг түүний музейн илэрхийлэл гэж болно. Музей нь зөвхөн хүүхдэд зориулагдаагүй тул гэр бүлийнхэнтэйгээ хамтран гүйцэтгэх даалгавруудыг биелүүлдэг байна. Энэ бол гэр бүлээрээ цагийг хамтдаа үр бүтээлтэй өнгөрөөх боломж. Жишээ нь, хүүхэд музей дэх пуужин, онгоц, сансрын хөлөг зэргийг хараад гайхширч эцэг эх ойр тойрныхноосоо асууж хариултыг эрэлхийлдэг. Гайхна гэдэг нь бодож эргэцүүлнэ гэсэн үг. Эргэцүүллийн хариулт нь амьдралдаа шинийг сурах, бүтээх гол суурь.Цаашид механик инженерт суралцаж хөгжих сэдлийг өгөх нь музейн гол зорилго аж. 

Хүн төрөлхтөн анх сансарт ниссэний 60 жилийн ой, монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хугацаанд сансар биднээс алс хол мэт санагддаг үе ард хоцорч, хоног ирэх тутам шинэ нээлт, амжилтыг бүтээсээр… 


Монголын дараагийн сансрын нисгэгчийг бэлдэж байна

Монгол хүн сансарт ниссэнээс хойш хэдийн 40 жил өнгөрчээ. Цагтаа сансар судлалаараа тэргүүлж байсан манай улс орчин цагт хоцрогдох дээрээ тулсан гэвэл дэгстүүлсэн болохгүй. Тэгвэл дараагийн монгол хүн хэзээ сансарт нисэх вэ гэсэн асуулт энэ жил нэлээд хүчтэй яригдаж байна. Энэ бол хэдхэн жилийн ажил биш. Бүр хүүхэд байх үеэс нь хүсэл сонирхлыг нь хөгжүүлэхээс эхлүүлэх бодлогын чанартай ажил юм. Тэгвэл сансарт тэмүүлэх хүсэл тэмүүллийн суурь буюу Монголын дараагийн сансрын нисгэгч, олон улсын сансар судлалын инженерүүдийг бэлтгэх ажил хэдийн эхэлжээ. 

Энэ бол “Дараагийн сансрын нисгэгч” хөтөлбөр юм. Хэрэв хүүхдүүдийг багаас нь сансар судлал, инженерчлэлийн мэдлэгт шунан дурлуулж, хөгжүүлж чадвал энэ нь хэтийн хоосон мөрөөдөл биш бодит зүйл гэдэгт итгэдэг "Дүдү" боловсролын сангийнхан уг ажлыг есөн жилийн өмнө эхлүүлжээ. Тэд шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик(STEM)-т суурилсан олон талт хөтөлбөрийг монгол хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан хэрэгжүүлж байна. Гэхдээ хүнд хэцүү бодлого томьёо бус хүүхдийн танин мэдэх хүслийг төрүүлсэн сонирхолтой даалгавраар хөгжүүлдэг. Тоглонгоо л сансрын технологийн анхан шатны мэдлэг олоод авчихна гэсэн үг. 

Энд 5-8 насны хүүхдээр цаасаар хүндийн хүчний хуулийг ойлгуулах сэнс, пуужин, 8-аас дээш насныхан гуурсан пуужин хийдэг юм байна. Цаашдаа энэ аргаа боловсруулан гадна талбайд зориулалттай пуужин хийхээр зогсохгүй хэдхэн жилийн дараа гэхэд өөрөө хатуу түлшит пуужин хийх боломжтой гэж уг төслийн санаачлагч Д. Мөнхтулга хэллээ. 

Энэ талаараа тэрбээр “Шинжлэх ухаан бол ойлгоход хэцүү тоо томьёо биш. Яг үнэндээ бидэнтэй хамгийн ойр зүйл. Дүдү машиныг жишээгээр авч үзье л дээ. Өнгөц харахад хүүхдүүд модон машинаар уралдаж, зугаацах төдий харагдаж болох юм. Гэвч хийхийн тулд хүүхэд аэродинамик, потенциал, кинетик энерги зэрэг байгалийн ухааны хамгийн чухал, энгийн мэдлэгийг туршиж үзсэнээр тодорхой ойлголт авч байдаг. Бид ирээдүйн сансрын нисгэгчийг бэлтгэж байгаа гэдэгтээ итгэдэг” гэж хэлсэн юм. Хүүхэд сониуч, тэр дундаа монгол хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ онцгой. Яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр л анхаарах нь чухал. Тэдний нээсэн музейд зочилсон хэн ч бага хэмжээний сансрын ертөнцөд аялах мэдрэмж аваад гарахаар санагдсан.

Зарим хүүхдүүд үзвэрийн үзүүлэнгийн материалыг сонирхож байгаад эвдчихдэг тохиолдол ч цөөнгүй гэнэ. Хэрвээ тэр үед нь багахан зэмлэчих юм бол тухайн хүүхэд хэзээ ч сонирхохгүй. Тийм учраас ундууцаж уурлахын оронд тайлбарлаж өгөөд бид тэр үзүүлэнгээ илүү сайжруулдаг.

Хүүхэд болгон сансрын нисгэгч болох албагүй гэхдээ энэхүү сургалтад суусан хүүхэд аливааг танин мэдэх суурийг тавьж, төсөөллөө бодит болгох боломжийг өгдөг. Энэ нь хүүхдийн тархины үйл ажиллагааг эрчимжүүлж өөртөө итгэлтэй хүн болон өсөхөд чухал нөлөө үзүүлдэг аж. Үүнийг олж харсан үүсгэн байгуулагч тэрбээр “Бид энд ирээдүйн сансрын нисгэгчийг бэлдэж байгаа гэдэгтээ эргэлздэггүй” гэж инээмсэглэн хэлсэн юм. 



Хөвгүүд технологийн чадвартай ч охид бүр онцгой

Охид зөвхөн барбигаар л тоглодог гэх хэвшмэл хандлага хэдийн өөрчлөгдсөн. Эмэгтэйчүүдийн нарийн ажилд нягт нямбай ханддаг нь код бичих, технологийн дэвшилтэд арга бүтээхэд давуу тал болдог байна. Дүдү боловсролын сан үйл ажиллагаа явуулахдаа охидыг ижил тэгш оролцуулдаг.  Эцэг эхчүүд л зөвхөн хөвгүүдийг технологийн чадвартай гэж боддог нь эндүүрэл юм. Үнэндээ зарим тохиолдолд хөвгүүдээс ч илүү хүсэл эрмэлзэл, чадвартай байдаг гэнэ. Гэсэн хэдий ч манай эцэг эхчүүд энэ талын хүсэл сонирхлыг нь тэр бүр дэмждэггүй учраас сургалтад хамруулахдаа хойрго ханддаг гэлээ. 

Сонирхуулахад олон улсын судлалд эмэгтэйчүүд маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн байдаг аж. Тухайлбал сансрын томоохон төслүүдийн кодыг нь эмэгтэй хүн бичсэн гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Сүүлийн жилүүдэд технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж дэмжих тухай олон санаачлаг гарч, үйл ажиллагаа идэвхжээ. ЮНЕСКО-гоос охидод зориулж техникийн мэдлэг боловсрол(Girls STEM) хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн энэ жилийн дэлхийн сансрын долоо хоногийг “Women in space” сэдвээр зохиохоор болсон зэрэг жишээг дурдаж болох юм. Мөнхтулга энэ талаар мэдээллийн технологи, харилцаа холбоо өндөр хөгжсөн өнөө цагт бид боломж хязгааргүй. Магадгүй Монголын анхны эмэгтэй сансрын нисгэгчийг сансарт илгээх цаг удахгүй ирэх болно гэсэн юм.