Шинэ коронавируст халдварын нөхцөл байдал болон сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж буйтай холбоотойгоор ЭМЯ, БШУЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр БШУЯ-ны мэргэжилтэн Т.Ням-Очир "Ирэх даваа гарагаас бүх шатны боловсролын байгууллагууд хэвийн горимоор хичээллэнэ. Үүнтэй холбоотойгоор сурагч, багш нарын ачааллыг харгалзаж, теле хичээлийг түр хугацаагаар зогсоож байна. Харин эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч, суралцагчид авч ашиглаж болохуйцаар цахим хичээлүүдийг сайтуудад байршуулна. Танхимын сургалт хэвийн горимоор хичээллэж эхэлж буй ч бататгах хичээл 10 дугаар сарын 01-нийг хүртэл үргэлжилнэ. Хоцрогдолтой хүүхдүүдийг аль болох хурдан хэвийн хэмжээнд аваачих, өмнөх хичээлийн агуулгаа богино хугацаанд бататгах менежментийг хийх талаас нь сургууль эцэг эх, суралцагчдад дэмжлэг үзүүлж ажиллана. 

Өнгөрсөн хичээлийн жилд зайны сургалтууд удаан хугацаагаар явсан учир уралдаан тэмцээн, олимпиадыг сургууль, орон нутгийн түвшинд аль болох зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна. 

Энэ нь хичээл, сургалтын үйл ажиллагааг хурдан хугацаанд хэвийн хэмжээнд шилжүүлэхтэй холбоотой. Тиймээс хичээл, сургалтыг тасралтгүй зохион байгуулахыг зөвлөж байна. Сургалтын байгууллагууд ашиглаж болох бүх орц, гарцаа нээж, бөөгнөрөл үүсгэхгүй байх менежментийг хийх ёстой. Мөн халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх шаардлагатай" хэмээлээ.