Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироос зарим зүйлийг тодрууллаа.

-Хичээлийн шинэ жил эхэлж байгаа ч эцэг, эхчүүдийн хувьд олон юм тодорхойгүй байна л даа. Зарим сургуулийн зүгээс “Танхимаар хичээллэх сонирхолтой байна уу, цахимаар хичээллэхийг сонгох уу” гэсэн асуулт эцэг, эхчүүдэд ирээд байна. Цахимаар хичээллэх сонголт хийсэн хүүхдэд зориулсан тусгай хөтөлбөр байгаа юм уу?

-Бүх хүүхдэд гурав хоног  танхимаар хичээллэх боломж нь байгаа. Хичээлийн хуваарийг сургууль нь гаргаж өгнө. Хүүхэд долоо хоногийн гурван өдөр танхимдаа хичээллэнэ. Хоёр өдөр нь танхимын бус хичээлийн хуваарь гаргаж өгнө. Есдүгээр сарын нэгэнд мягмар гаригт танхимын бус хичээлийн хуваарь тавигдсан бол  Монгол хэл, Иргэний ёс зүйн боловсрол, Хүн ба орчин, Хөгжим  гээд хуваарь тавьж өгнө. Тэгэхээр хүүхэд гэртээ байсан ч  энэ дөрвөн хичээлээ  үзээд, хичээлээ тэмдэглээд, маргааш нь идэвхиэ тооцуулаад явна. 

Тэр асуудал яагаад гарч ирсэн гэхээр хүмүүс айдастай байгаа. Өнгөрсөн хичээлийн жилд нийт хичээл, сургалтын үйл ажиллагааны 47 хувь нь зайны сургалтаар явсан. Гэхдээ бид бүх хүүхэддээ судлах ёстой агуулгыг нь танхимаар ч бай, зайны сургалтаар ч бай өгсөн учраас бүх хүүхдүүдээ анги дэвшүүлсэн. 

Энэ хорио цээрийн дэглэмийн үед хүүхдийн халууныг хэмжиж, халуунтай бол сургууль руу оруулахгүй. Ханиалгаад байвал хүүхдийг гэрт нь эмчлэхийг зөвлөнө. Ийм тохиолдолд хүүхэд өвчтэй, чөлөөтэй бус гэртээ суугаад телевизээ үзээд, идэвхиэ үнэлүүлээд, яг хичээлд суусан шигээ явцаа тооцуулах юм. Өмнө нь долоо хоног өвчтэй байсан хүүхдийн явц, идэвхи нь тооцогддоггүй байсан шүү дээ. Ийм л асуудал байгаа юм. Түүнээс биш зайнаас суралцах хүсэлт гаргана гэх асуудал байхгүй. Багш нар маань сургалтаа авсан. Хүүхэд нь халуурдаг ч юм уу, ангид нь ханиад гарангуут эцэг, эхчүүд эрсдлээ тооцоод, “Хүүхдээ гэрт нь теле хичээлийг нь үзүүлээд ханиад нь гайгүй болохоор нь долоо хоногийн дараа аваад ирье” гэж болно. 

-Теле хичээлийн талаар шүүмжлэл яваад байсан л даа. Эргэх холбоо байхгүй, хүүхэд, багшаасаа ойлгохгүй юмаа асууж лавлах боломжгүй, цахим сургалт огт өөрөөр явдаг гэх мэт яриа гарсан. Хэрэв үнэхээр нөхцөл байдал муугаар эргэвэл цахим сургалтад шилжих нөөц хувилбар бэлтгэсэн үү?

-Өнгөрсөн жил ийм удаан хугацаагаар хичээл сургалт тасалдана гэдгийг төлөвлөөгүй, тооцоогүй. Эхлээд нэгдүгээр сарын 24-нөөс гуравдугаар сарын 2 хүртэл хөл хорио тогтоосон шүү дээ. Бид гуравдугаар сарын 2-нд хичээл орчихно гэж бодоод теле хичээлийн хувилбарт шилжсэн. Гэтэл гуравдугаар сарын 30 хүртэл сунгасан. 31-нд хичээл орно гэж бодоод төлөвлөлт хийж байхад дараа нь дөрөвдүгээр сарын 30 болсон. Дараа нь ахин хойшилсон. Ингээд урт хугацааны нөхцөл байдал үүссэн. Нэгэнт цар тахлын хоёр дахь давалгаа эхэлж магадгүй. Өмнө нь байгаагүй хэцүү нөхцөл байдал үүслээ гээд дэлхийн улс орнууд зарласан учраас бид нэгдүгээрт бүх хичээлээ теле хичээл болгож бэлтгэсэн. Хоёрдугаарт цахим платформ хөгжүүлэх ажил давхар хийгдэж байгаа. Одоо ханиад томууны улирал эхэлж байна. Магадгүй нөхцөл байдал хүндэрвэл бид ямар ч байсан теле хичээл, цахим платформыг давхар ашиглаад явах бэлэн байдлаа хангаж байгаа. 

-Хувийн сургуульд хүүхдээ өгдөг эцэг, эхчүүдийн хувьд болгоомжлол байна л даа. Өнгөрсөн хичээлийн  жилтөлбөрөө бүтнээр нь өгсөн ч хичээл тасалдсан. Одоосургалтын төлбөрөө өгчихвөл өмнөх шиг юм болох вий гэсэн эргэлзээ бий. Үүнийг яаж зохицуулах вэ?

-Өнгөрсөн жилийнх бол гэнэтийн тохиолдол байсан. Эрсдэл гарвал ингэнэ, хичээл тасалдвал тэгнэ гэсэн зүйл заалт гэрээнд байгаагүй учраас маргаан үүссэн. Хувийн сургуулиуд ч, эцэг эхчүүд ч  хүнд байдалд орсон. Ийм учраас гомдол болгоныг тухайн сургуульд шилжүүлж, уян хатан байгаач, эцэг эхчүүдтэй ойлголцож, гэрээгээ шинэчлээч гэсэн байдлаар хандсан. Одоо шинэ хичээлийн жил эхэлж байна. 

Ээж, аав нар сургуульд мөнгө өгөхийн тулд гэрээ байгуулж таарна. Гэрээндээ нэг сар хичээллэвэл яах вэ, хоёр сар хичээллэвэл яах вэ, тасалдвал цахим шилжилтэнд бэлэн байна уу, танхимын сургалтаас ялгаагүй хүүхэдтэйгээ эргэх холбоотой  ажиллаж чадах уу гээд тодорхой тусгасан гэрээ байгуулвал  асуудалгүй.

Нэгдүгээрт гэрээндээ тодорхой тусга. Хоёрдугаарт таван сайдын хамтарсан тушаалд уян хатан байгаач, сар улирлаар төлөвлөөч гэдэг бүх асуудал тусгагдсан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, бусад мэргэжлийн байгууллагууд хяналт тавиад явж байгаа.

-Зарим сургуулийн барилгууд баригдаж дуусаагүй байна. Зарим нь дараа жилд үргэлжлүүлж баригдана гэж байна. Гэтэл төсвийг танах, зарим барилгуудыг зогсоох царцаах асуудал яригдаж байгаа нь эцэг эхчүүдийн санааг зовоож байна. Нэгэнт эхэлсэн сургууль, цэцэрлэгийн барилгуудаа царцаахгүйгээр барьж дуусгах бодлого баримталж байгаа юу?

-Зургадугаар сарын 31-ний байдлаар бид дөрвөн сургууль ашиглалтанд хүлээж авсан. Одоо бид наймдугаар сарын 31-нд 17 барилга хүлээж авна. Ондоо багтаагаад бараг 50 гаруй сургуулийн барилга хүлээж авна гээд салбарын яамны зүгээс хөрөнгө оруулалтын ажлаа шахах, хянах ажилд зүтгэл гаргаж ажиллаж байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хөрөнгө санхүүжилт тасрах хүндэлтэй байна. Ийм үед нийгмийн хариуцлагын хүрээнд компаниудаа шахаж шаардах тохиолдол байна. Гэхдээ өсөн нэмэгдэж байгаа хүн амын хэрэгцээ биднийг нэлээд чардайлгаж байна. 

Энэ жил 80 мянган хүүхэд нэгдүгээр ангид орно. Гэхдээ бид боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг сүүлийн жилүүдэд байгаагүйгээр тавьж байгаа. Хамгийн гол нь зөв оновчтой байрлалд төлөвлөж чадаж байгаа эсэхэд хяналт тавих ёстой.

-Сургуулийн автобус явна гээд байгаа. Тухайн сургуулийн хүүхдүүдийг гэрээс нь сургууль руу нь аюулгүй зөөх хэрэгтэй юм биш үү. Төв зам дагуу явахаар нийтийн тээврийн автобуснаас нэг их ялгарахгүй?  

-Нийслэлийн Засаг дарга энэ чиглэлээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлсэн. Өнгөрсөн жил тусгай маршрутын автобус үр дүнгээ өгсөн. Энэ жил чадвал есдүгээр сарын 15-наас үгүй бол аравдугаар сарын 1-нээс явуулахаар төлөвлөж байна. 

Сургуулийн автобусны маршрутыг дахин сайн нарийвчилж судалж, аль чиглэлд хүүхдүүд их зорчихоор байна. Аль чиглэлд хүүхдүүдэд илүү үр өгөөжтэй байхыг судалж байгаад дахиад явуулна. Дээр нь автобусныхаа тоог нэмэгдүүлэхээр нийслэлийн Засаг дарга тодорхой төсөв мөнгө суулгасан юм билээ. 70 гаруй сургуульд 168 автобус явж байгаа. Энэ автобуснууд үргэлжлүүлж явна. 

-Хорио цээрийн дэглэмийн үед сургууль дээр юм идэж уухыг хориглох уу. Үдийн цайгаа үргэлжлүүлж өгөх юм уу?

-Үдийн цайг хуучин өгдөг журмаараа өгнө. Эрүүл ахуйн стандарт хангасан бол цайны газраар үйлчлэх чөлөөтэй. Ийм нөхцөл бүрдээгүй бол анги ангидаа “Үдийн цай”-гаа уух ёстой.  

 Аягаа зөөхөд эрсдэл үүсч байгаа бол хүүхдүүд өөрийн аягатай байж болно. “Үдийн цай” хүүхдийн өдөрт авах шим тэжээлийн тодорхой хувийг өгдөг учраас тасалдуулахгүй.